Австралийн судлаачид Чингис хааныг "амьтны гаралтай халдварт өвчний улмаас нас барсан" гэх таамаглал дэвшүүлжээ

Австралийн судлаачид Чингис хааныг "амьтны гаралтай халдварт өвчний улмаас нас барсан" гэх таамаглал дэвшүүлжээ

Дэлхийн олон эрдэмтэн, түүхчид Чингис хааны үхлийн талаар янз бүрийн судалгаа хийж таамаг дэвшүүлсэн байдаг. Тэгвэл Австралийн Адалейдын Их сургуулийн /Adelaide University/ эрдэмтэд Чингис хааны үхлийг түүхэн цаг хугацаа болон биологийн талаас судалж гаргасан бүтээлээ саяхан нийтлүүлжээ.

Судалгааг тус их сургуулийн Вэнпенг Юү, Франческо М Галасси, Елена Варотто, Елена Варотто зэрэг эрдэмтэд хийсэн бөгөөд Чингис хааны үхлийн шалтгааны түүхэн эх сурвалж болон тухайн цаг үед болж байсан гол үйл явдлуудтай холбон судалсан байна. 

Хамгийн сонирхолтой нь судалгааны үр дүнг “Чингис хааныг 1227 оны наймдугаар сарын 18-25 орчимд амьтнаас гаралтай зоонозын халдварт өвчний улмаас нас барсан байх магадлалтай” гэжээ. 

Судалгааны хураангуйд өгүүлснээр “Өнөөдрийг хүртэл Чингис хааны үхлийн шалтгааны талаар хэд хэдэн домог, яриа байдаг. Тухайлбал, мориноосоо унаж бэртсэний улмаас, Тангудын гүнж хутгалж шархдуулсны дараа цус алдсаны улмаас, Хятадуудтай хийсэн тулааны улмаас, Баруун Сягийн эсрэг тулалдаанд суманд оногдож, нас барсан гэх мэт. Гэвч өнөөдрийг хүртэл Чингис хааны үхлийн шалтгаан нууц хэвээр байна. 

Судалгаанд “historico-medical perspective” буюу “түүхэн анагаах ухааны таамаглал” аргачлалыг ашиглаж Чингис хааны нас барсан байж болох он цагийг тухайн үед Монголд ямар төрлийн халдварт өвчин гарч байсантай холбон судалсан” гэжээ. Тус судалгааны бүтээл өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн Биотехнологийн Мэдээллийн төвийн шинжлэх ухааны вебэд нийтлэгдсэн байна. 

Мэдээллийн эх сурвалжаас ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: International journal of infectious diseases