ИРГЭН Б: Хөөрхий хүү сэтгэл зүйн дарамтад орчихсон чичрээд уйлаад л байсан

ИРГЭН Б: Хөөрхий хүү сэтгэл зүйн дарамтад орчихсон чичрээд уйлаад л байсан

Өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр “Нисэх-Гуравдугаар эмнэлэг” чиглэлийн автобусаар зорчиж явсан хүүг “коронавирусийн сэжигтэй тохиолдол” гэж тусгаарласан. Ингэхдээ хамт зорчиж явсан 30 гаруй хүнийг нэг автобусанд бүтэн зургаан цаг “хорьж” орхисон. Энэ зургаан цагийн дөрвөн цагийг нь хүү өвлийн хүйтэнд гадаа зогсож өнгөрөөсөн байдаг.

Учир нь автобусанд хамт зорчиж явсан зарим хүн элдвээр хэлж гоочилсон тул сэтгэл зүйн дарамтад орсон хөөрхий хүүд өөр арга байгаагүй аж. Гэвч сэтгэл сэрдхийлгэсэн явдал үүгээр дуусаагүй. Гадаа гарч зогсох гэсэн хүүг цагдаа нар дөрвөн талаас нь барьж, гавласан нь олон хүний уур бухимдлыг төрүүлсэн билээ. Хүний эрхийг ноцтой зөрчсөн энэ явдал цагаан сар, хатуу хөл хорионд дарагдаад мартагдах учиргүй. Иймд бид автобусанд хүүтэй хамт зорчиж, тус хүнлэг бус үйлдлийг нүдээрээ харсан иргэн Б-тай ярилцлаа. 

СОНСОХ: 

-ХҮҮ ГЭМТ ХЭРЭГТЭН БИШ БАЙТАЛ ЦАГДАА НАР ДӨРВӨН ТАЛААС НЬ
ДАРЖ АВААД ГАВЛАЧИХСАН-

-Тус үйл явдал битүүний өмнө өдөр буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр болсон шүү дээ. Тухайн үед олон нийтийн дунд нэлээдгүй зөрүүтэй мэдээллүүд түгээд байсан. Таны хувьд үйл явдлын гэрч  болсон хүмүүсийн нэг. Тухайн үед яг юу болсон юм бэ. 

-Тийм ээ. Битүүний өмнөх өдөр байсан. Маргааш нь хөл хорио тогтоох гэж байсан тул би эмээдээ ойр зуурын зүйлсийг нь цуглуулж өгөхөөр “Ч:15” дугаартай Нисэхийн автобусанд суугаад явж байсан юм. Ойролцоогоор гурван буудал өнгөрөөд явж байтал автобус таван шар дээр ирээд зогсчихсон.

Гэтэл урд сууж байсан хүү рүү Улсын Онцгой комиссоос залгаж, “PCR шинжилгээ нь эерэг гарсан байна. Явж байгаа газраа зогс” гэж мэдэгдсэн юм байна лээ.

Би чихэвч зүүчихсэн явж байсан учраас юу болоод байгааг эхэндээ мэдээгүй. Хүмүүс энд тэнд цуурч, цагдаа орж ирэхэд л хажуу дахь хүнээсээ асууж мэдсэн. Нэг цагдаа орж ирээд тэр хүүхдээс хаана, хэнтэйгээ амьдардаг гэх мэт зүйлс асуугаад буусан. 

-Үүнээс хойш автобусанд хэчнээн цаг байсан бэ. Та бүхэнд автобус зогсоосон шалтгааныг албан ёсоор хэлж ойлгуулсан уу. 

-Үгүй ээ. Хэн ч юу ч хэлээгүй. Тэр хүү өөрөө утсаар яриад хүмүүст мэдэгдсэн юм шиг байна лээ. Цагдаагийн албан хаагчид “бид нар дээрээс ирсэн тушаалын дагуу харах л үүрэгтэй. Та нар өөрсдөө ХӨСҮТ, Онцгой руу залга” гэж хэлсэн. Автобусанд 30 гаруй хүн бараг 6 цаг суусан. Зарим нь зогсоо байдалтай. Эхэндээ хүмүүс харьцангуй тайван байсан. Хэн ч юу ч гэж хэлээгүй. Бүгд дор дороо хүлээцтэйгээр ямар нэгэн шийд гарахыг хүлээсэн. Би ч эмээгийнхээ санааг зовоохгүйн тулд “өөр тийшээ явах ажил гарчихлаа” гэж утсаар хэлсэн. Тухайн үед түргэвчилсэн шинжилгээг дор дор нь аваад явуулчихна гэж бодсон. Тэнд байсан хүмүүсийн хэн нь ч бүхэл бүтэн зургаан цаг битүү автобусанд “хорьчихно” гэж төсөөлөөгүй байх. Яаж төсөөлөх вэ дээ. Сэжигтэй тохиолдол гээд л маш шуурхай ажиллаад, асуудлыг шийдчих байх л гэж бодсон. Тэгээд хоёр цаг хүлээсэн боловч ямар ч шийдвэр гараагүй. Урд байсан эгч нар нэг хошууч цолтой цагдаатай утсаар яриад байсан.

Тэр цагдаа автобусыг зогсоох даалгавар өгсөн юм байна лээ. Гэтэл “Хийх ёстойгоо хийсэн. Холбогдох бүх газарт учир байдлыг хэлсэн, өөр зүйл мэдэхгүй” гэж хариулсан гэсэн.

Тэгээд хоёр цаг 30 минут өнгөрсний дараа УОК- руу ярихад “Анх удаа сонсож байна. Эргээд хариу өгье” гээд тасалсан. Бас нэг эгч ХӨСҮТ-рүү залгахад хүртэл мэдэхгүй гэсэн хариуг өгсөн. Ингээд л мэдэх ёстой хүмүүс нь бүгд мэдэхгүй гээд байхаар хүмүүс туйлдаж, уурлаж эхэлсэн дээ. 

-Автобусанд байсан хэд хэдэн иргэн хүүг элдвээр хэлж бухимдсан гэж сонслоо?

-Тийм ээ. Нэг эмэгтэй, бас нэг өвөө, залуу гурав хүү рүү дайрч эхэлсэн. “Хаагуур явж байгаад муухай өвчин авчихдаг юм”, “гэртээ байж байхгүй гадуур юугаа хийж тэнэж явдаг юм”, “яах гэж автобусанд суусан юм” гэж элдвээр хэлж дайрч эхэлсэн. Тэр залуу хүртэл цохих гээд гар далайсан. Азаар нэг эгч очиж хүүг өмөөрөхөд “танд ямар хамаатай юм” гээд л орилоод байсан. Хамгийн гол нь удаан сууснаас болоод л хүмүүсийн тэвчээр барагдаж эхэлсэн. Эхнээсээ шуурхай арга хэмжээ авчихсан байсан бол хэн ч уурлаж бухимдахгүй шүү дээ. 

-Хүү цонх хагалаад гарах гэж оролдсон гэсэн. Яагаад тэгсэн юм бэ. Хаалгаар гаргаагүй юм уу?

-Би тэр хүүг үнэхээр их өрөвдсөн. Миний дүү шиг л насны хүүхэд шүү дээ. Зүв зүгээр явж байтал “Чи корона туссан. Явж байгаа газраа зогс” гэж тушаал өгөөд л, тэгснээ олон цаг битүү автобусанд “хорьчихсон”. Тал талаас гоочилж, хүн бүр ширтээд, элдвээр хэлэхээр чинь хэн ч сэтгэл зүйн дарамтад орно шүү дээ.

Хүү сүүлдээ уйлаад, чичрээд эхэлсэн. Сэтгэл зүйн дарамтад орохоор тэгэх нь  аргагүй шүү дээ. Тэгээд жолооч руу очоод “Ах аа би гадаа гараад зогсож байя. Хүмүүс уурлаад байна” гэтэл хаалгаа онгойлгоогүй.

Цагдаа нар болохгүй гэсэн юм шиг байна лээ. “Суудалдаа очоод сууж бай” гэсэн. Нөгөө цохих гэсэн залуу ч элдвээр хараагаад, гарах гэхээр гаргахгүй. Тэгээд шууд л урд талын цонхыг хагалаад буусан. Гэтэл гадаа байсан цагаан хувцастай цагдаа нар дөрвөн талаас нь барьж аваад л гавлачихсан. Бид нар ч “болиоч ээ” гэж орилсон. Цагдаа нар хүүг зугатах гэж байна гэж бодсон байх. Хүмүүс орилсоор байгаад гавыг нь тайлуулсан. 

-ХӨСҮТ-ИЙН МАШИН ИРЭХЭД ХҮҮГИЙН ХӨЛ НЬ ХӨЛДЧИХСӨН ҮҮ, БАДАЙРЧИХСАН УУ ХЭЦҮҮХЭН АЛХАЖ БАЙСАН-

-Хүү гадаа хэдэн цаг зогссон юм бэ. Гадаа маш хүйтэн байсан шүү дээ. 

-Бараг гурван цаг зогссон. Ядаж байхад пүүз өмсчихсөн байсан. Би “наад хүүхдээ машинд суулгаж болохгүй юм уу” гэтэл “ирэх хүмүүс нь ирж ажлаа өөрсдөө хийнэ” гэсэн. Корона туссан гээд хэлчихсэн, дээрээс нь өвлийн хүйтнээр бүхэл бүтэн гурван цаг ямар ч хөдөлгөөнгүй зогсоосонд нь үнэхээр бухимдалтай байна. Тэр хүүгийн сэтгэл зүй ямар хүнд байсан бол. Хулгай хийсэн хүнд ч тэгж хандахгүй байх. Гадаадад байсан бол цагдаагийн ажилчид “Та тайван байгаарай. Одоо яаралтай тусламж ирнэ. Түр хүлээгээрэй” гээд л аргадаж байгаа.

Гэтэл манайд яг л хүн алж, хүрээ талсан юм шиг л гадуурхаж, шоовдорлосон. Ийм хүнлэг бус үйлдлийг Монголд л харах байх.

Тэр хүүд ямар ч буруу байхгүй. Буруу гэвэл Монголын иргэн болж төрсөн нь болох биз. Хүний эрх гэдэг зүйл ийм үнэгүй болчихсон юм уу. Би тэр хүүгийн оронд байсан бол үнэхээр тэсвэрлэхгүй байсан байх. ХӨСҮТ-ийн машин ирэхэд гадаа удаан зогссоор байгаад хөл нь бадайрчихсан уу, эсвэл хөлдчихсөн үү хэцүүхэн алхаж харагдсан. Хэрэв тэр хүү үнэхээр халдвартай байсан бол гадаа дөрвөн цаг зогсоод бүр хүндрэнэ шүү дээ. Муугаар бодоход хүүд ямар нэгэн юм тохиолдсон бол хэн хариуцлага хүлээх вэ. 

-Автобусанд 30 гаруй хүн байсан гэж байна. Өндөр настай хүмүүс, бага насны хүүхдүүд байсан уу? 

-Азаар хүүхэд байгаагүй. Харин 10 гаруй настай хүн байсан. Бас ардаа нялх хүүхдүүдээ орхиод гарсан хүмүүс ч байсан. Эмээ маань зурагтаас энэ талаар сонсчхоод даралт нь ихсэж шөнө унтаж чадаагүй гэсэн. Бид нарыг зургаан цагийн турш ариун цэврийн өрөө ч орох боломжгүй газар “хорьсон”. Миний хамгийн их гайхаж байгаа зүйл нь ЭМЯ-ны мэдээллээр өдөр болгон “Агаар сэлгэлт явуул. Коронавирус битүү орчинд тархдаг” гэж анхааруулж байгаа хэрнээ яагаад автобус дүүрэн хүнийг зургаан цаг нэг дор байлгаж байгаа юм бэ.

Бас халдвартай хүнтэй 15 минут хамт байхад л ойрын хавьталд тооцогдож, халдвар авах магадлал нэмэгддэг гэж хэлдэг хэрнээ хүүтэй гурван цаг хамт байлгасан. Яагаад хүүг түргэн шуурхай тусгаарлаж, аюулгүй орчинд шилжүүлж болоогүй юм бэ. Үнэхээр гайхшрал төрүүлж байгаа зүйл нь энэ л байна. Бас амны хаалтыг хоёр цаг тутам солих ёстой. Гэтэл тэнд байсан хүмүүс нэг амны хаалттайгаа зургаан цаг суусан. Аргаа барсандаа бид нар агаар сэлгэлт явуулах гэж цонхнуудаа онгойлгочихсон, маш хүйтэн байсан. Гэхдээ хэчнээн даарлаа гээд гадаа дөрвөн цаг зогссон хүүгийн хажууд юу ч биш шүү дээ. 

-ХӨСҮТ-ийн эмч нар та бүхэнд ямар тайлбар хэлсэн бэ. Яагаад удсан гэдгээ тайлбарласан уу. 

-Бид нар тэр тушаал өгсөн цагдаагийн хошууч бас Онцгой байдал, ХӨСҮТ-рүү олон удаа залгаж ярьсан. Гэтэл бүгд “мэдэхгүй”, “тушаал дагаж байна” гэж хэлсэн. ХӨСҮТ-ийн эмч нар ирээд 20 минутын өмнө мэдээ аваад л ирж байна гэсэн.

Маргааш нь ЭМЯ-ны мэдээллийн үеэр уучлалт гуйна гэж бодсон ч “тэнд байсан хүмүүсийг бага зэрэг хүлээлгэсэн асуудал гарсан” гэснээс өөр зүйл хэлээгүй.

Үнэхээр ард түмнийг доромжилж байна. Тэр хүү бол Монгол Улсын иргэн. Улс иргэндээ ингэж л хандаж байна. Нохойноос дор үзэж байна. Цагдаа, эмч нар, УОК-ыг ачаалалтай ажиллаж байгааг ойлгож байгаа ч коронавирус гарснаас хойш бүтэн жил өнгөрч байхад яагаад ийм байгаа юм бэ.

-Шинжилгээ авсны дараа хэдэн хоног тусгаарласан бэ. Тусгаарлагдах явцад шинжилгээний хариуг хурдан шуурхай мэдээлэв үү.

-Бид нар 10-ны өдөр тусгаарлагдаад 11-ны орой гэр гэртээ харьсан. Тусгаарлалтад байсан хугацаанд нэг ч удаа мэдээлэл өгөөгүй. Утсаар холбогдож “таны биед ямар нэгэн өөрчлөлт гарч байна уу” гэж асууж байсан. Шинжилгээний хариу 5-6 цагийн дараа гарна гэсэн ч маргааш нь үд өнгөрч байхад утсанд мессежээр “сөрөг” гарсан байна гэж мэдэгдсэн.

Орой нь хүмүүсийг гэр гэрт хүргэж өгсөн болохоор хүүгийн шинжилгээний хариу сөрөг гарсан юм байна гэж бодож байлаа. Маргааш нь хэвлэлүүдээс мэдсэн.

Хүүг хүмүүст доромжлуулж, гадуурхуулж, тийм хэцүү нөхцөл байдалд оруулсан тэр хошууч, хүмүүсийн тэвчээрийг шалгаж байгаа юм шиг автобусанд хорьсон УОК, бас ХӨСҮТ ч хариуцлага хүлээх ёстой. Бас хүүгээс болон хүүгийн гэр бүлээс албан ёсоор уучлалт гуйх ёстой. Хүү ямар сэтгэл зүйн дарамтад орсон бол, ямар их айж, сандарсан бол, сэтгэл зүй нь одоо ямар байгаа бол гэж их санаа зовж байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа.