Олон улсын байгууллагуудаас 1.3 тэрбум луйвардсан Хойд Солонгосын хакеруудыг илрүүлсэн гэж зарлав

Олон улсын байгууллагуудаас 1.3 тэрбум луйвардсан Хойд Солонгосын хакеруудыг илрүүлсэн гэж зарлав

Олон улсад хулгай, луйврын аргаар банк, санхүүгийн байгууллагаас 1.3 тэрбум ам.доллар хакердсан Хойд Солонгосын гурван иргэнийг АНУ-ын шүүхээс яллажээ.

Тус гурван иргэнийг 2017 онд Их Британийн эрүүл мэндийн цахим сүлжээг хакердаж, орон даяар доголдол үүсгэсэн хэрэгт оролцсон гэж үзэж байгаа аж. Мөн АНУ-ын хууль зүйн яамнаас тэднийг Хойд Солонгосын цэргийн тагнуулын агентлагт ажилладаг гэдгийг нь тогтоосон бөгөөд хэрэгтнүүдийн нэг болох Пак Жин Хюк нь хоёр жилийн өмнө 2014 оны “Sony Entertainment Pictures” компанийг хакердсан хэрэгт буруутгагдан яллагдаж байжээ.

Хэрэгтнүүд одоогоор Хойд Солонгост байгаа бөгөөд өөр оронд зорчвол АНУ-д шилжүүлэн авч шүүх гэнэ.

Хойд Солонгосын  хакерууд коронавируст халдварын эсрэг вакцин боловсруулж буй АНУ, Их Британи, БНСУ-ын дор хаяж зургаан эмийн үйлдвэрийн сүлжээг хакердах гэж оролдсон тухай “The Wall Street Journal” сонин өмнө нь мэдээлж байсан. Мөн тус улсын хакерууд өнгөрсөн нэг жил орчим хугацаанд гадаад улс орнуудаас $300 гаруй саяыг хулгайлж, Пёньяны цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн тухай НҮБ-ын нууц тайланд гарч байсан юм. НҮБ-ын гаргасан мэдээллээр 2019-2020 оны хооронд Хойд Солонгосын хакерууд бусад улс орнуудын банк санхүүгийн байгууллагууд, крипто валютын арилжааны төвүүдээс нийтдээ $316.4 саяыг хулгайлсан гэжээ.

Хойд Солонгосын хакерууд