Соёлын сайд Ч.Номин олны шүүмжлэлээс зугатаж, түр хороог Ц.Ганзориг хариуцахаар болсон уу

Соёлын сайд Ч.Номин олны шүүмжлэлээс зугатаж, түр хороог Ц.Ганзориг хариуцахаар болсон уу

Коронавирус болон вакцины талаар хийж байгаа Засгийн газар болон зарим төрийн байгууллагын мэдээлэл зөрөх болсон тул “Эрсдэлийн мэдээллийн хороо”-г байгуулж, тус хорооны даргаар нь Соёлын сайд Ч.Номин, нарийн бичгийн даргаар нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар ажиллахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Харин манай тус мэдээллийн дараа сэтгүүлчид болон зарим иргэдийн дунд тус хороог шүүмжилж, иргэдийн Үндсэн хуулийн 16.16 –д заасан эрх чөлөө зөрчигдөнө гэсэн байр суурийг илэрхийлж эхэлсэн юм. 

Учир нь тус хорооны уулзалтын үеэр “коронавирус, вакцины талаар иргэдэд хүрэх мэдээллийг цензурдэх, нөлөөллийн контент түгээх, Засгийн газрын нэр хүндийг хамгаалах, мэдээллийн нууцын сан бий болгох E-Mongolia.mn цахим хуудаст төвлөрүүлэх зэрэг асуудал ярилцсан” нь ийнхүү олны шүүмжлэлд өртсөн юм. 

Тэгвэл тус хороог ажиллуулах тухай Засгийн газрын 29 дүгээр тогтоол гарсан байна. Тус тогтоолын 3 –т “Түр хорооны болон Ажлын шуурхай хэсгийн үйл ажиллагааны зардалд зориулж 180,0 (нэг зуун наян) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрсүгэй” гэсэн бол, мөн журмын 5 –т “КОВИД-19 халдварын цар тахалтай холбоотой мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мэдээ, мэдээллээр тогтмол, жигд хангах арга хэмжээ авахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (Б.Болор-Эрдэнэ)-т даалгасугай” гэжээ. 

Харин тус "Эрсдэлийн мэдээллийн хороо"-ны даргаар ажиллах Соёлын сайд Ч.Номин тус ажлаас татгалзаж, Засгийн газрын Олон нийт, Хэвлэл мэдээллийн хэлтэс /ОНХМХ/-ийн дарга Ц.Ганзориг хариуцахаар болсон гэх албан бус мэдээлэл байна.

Учир нь Ц.Ганзоригт хорооны ажлыг хариуцуулж, түүний удирдаж байгаа “хэлтэс”-ийг “газар” болгон өргөжүүлэхээр болсон гэх мэдээлэл байна.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн Засгийн газрын ОНХМХ-ээс гарч байгаа мэдээлэл Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас гэсэн эх сурвалжтай гарах болжээ. Үүнээс үзвэл "Эрсдэлийн мэдээллийн хороо" ажилдаа орсон бололтой. Харин сэтгүүлчдийн зүгээс Засгийн газар тус тогтоолд өөрчлөлт оруулах, цаашлаад хүчингүй болгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж эхэлжээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө