Техас мужийн иргэдийг цоргоны усаа заавал буцалгаж уухыг анхааруулав

Техас мужийн иргэдийг цоргоны усаа заавал буцалгаж уухыг анхааруулав

АНУ-ын төв ба өмнөд мужуудыг ер бусын хүйтэн агаарын урсгал нөмөрснөөс олон сая хүн гэрэл цахилгаангүй болж, 21 хүн нас бараад байгаа билээ. Хямралд хамгийн хүнд нэрвэгдсэн Техас мужид гэхэд 10 хүн нас барсан юм.

Иргэдийн зарим нь дулаацахын тулд автомашиндаа хоносноос угаартаж, зарим нь гэр дотроо гал түлэхдээ түймэр тавьснаас болж амиа алджээ. Үүгээр ч зогсохгүй тог тасарсны улмаас тус мужийн цэвэрлэх байгууламж үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн байна. Улмаар мужийн захиргаанаас иргэдийг цоргоны усыг уухдаа заавал буцалгахыг анхааруулжээ.

Харин тоггүйн улмаас усаа буцалгаж чадахгүй нөхцөл байдалд байгаа иргэдийг савласан ус хэрэглэхийг зөвлөж байна. 

Хүйтний улмаас зарим байшингуудын ус дамжуулах хоолой хөлдөж, хагарсан байдалтай байгаа аж.  Тус мужийн Байгаль орчны чанарын комиссын дарга Тоби Бейкер 260 мянга гаруй хүн усны системийн асуудалтай тулгарч байгаа талаар мэдээллийг танилцуулсан байна. 

Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын төв болон өмнөд мужид -18 хэм хүрч их хэмжээний цас орсон нь сүүлийн 30 жилд тохиолдоогүй байгалийн үзэгдэл болжээ.

Эх сурвалж: BBC