ВИДЕО: АНУ-ын сансрын станц Ангараг дээр амжилттай газардлаа

ВИДЕО: АНУ-ын сансрын станц Ангараг дээр амжилттай газардлаа

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагаас хөөргөсөн “Perseverance” судалгааны робот 470 сая км зам туулсны эцэст орон нутгийн цагаар 15.55 минутад Ангараг гараг дээр амжилттай газардлаа. “Perseverance” одоогоос зургаан сар гаруйн өмнө эх дэлхийгээс хөөрсөн бөгөөд газардмагцаа хоёр гэрэл зургийг НАСА-руу илгээжээ.Уг зурагт Ангарагийн гадарга тод дүрслэгдсэнд нь эрдэмтэд олзуурхаж байна. 

Хөлгөөс ирсэн зураг

Энэ удаагийн судалгааны гол зорилго нь 3.9 тэрбум жилийн өмнө оршин тогтнож байсан Ангаргийн эртний нуурын суурин болох Жезеро тогоог судалж, чулуулаг, хөрсөн дэх бичил биетийг хайж олох юм. Өөрөөр хэлбэл уг гарагт ямар нэг ургамал ургахад шаардлагатай эрдэс бодис, био ул мөр байгаа эсэхийг хайж олоход чиглэгдэж байна. Хөлөг өмнө нь Ангараг гараг дээр хэзээ ч ашиглаж байгаагүй нарийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон учир даалгавраа амжилттай биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа талаар НАСА-ийн эрдэмтэд онцлон хэлж байна. 

Нэг тонн жинтэй “Perseverance” судалгааны робот улаан гараг дээр амжилттай буусан нь Америкчуудын хувьд тэмдэглэлт өдөр байлаа. Хөлөг гараг дээр буусны дараа Ерөнхийлөгч Жо Байден  судалгааны багийн ахлагчийг дуудан биечлэн уулзаж баяр хүргэхийн сацуу өөрийн твиттер хуудаснаа “Perseverance-ийг амжилттай буулгахад оролцсон хүн бүхэнд баяр хүргэе. Өнөөдөр бид АНУ-ын шинжлэх ухааны хүч чадал болон боломжгүй зүйл гэж үгүйг дахин нотоллоо” гэжээ. 

НАСА-ийн эрдэмтэн Томас Зурбучен “Ангараг гарагаас ирэх дээж бидэнд ямар нууцыг дэлгэхийг хэлж мэдэхгүй байна. Дэлхийгээс өмнө амьдрал байсан эсэхийг баталж ч магадгүй юм” гэжээ. 

НАСА хоёр дахь удаагаа нэг тонн жинтэй робот станцыг Ангарагт амжилттай буулгасан нь энэ юм. Өмнө нь 2012 онд “Curiosity” нэртэй анхны станцаа амжилттай буулгаж байжээ. Ангараг гарагт нийтдээ 14 удаа робот станц буулгах оролдлого хийснээс найм нь амжилттай болж байв. Эдгээр бүгд NASA-гийн станцууд байсан юм. 

“Perseverance” цуглуулсан дээжээ 2030 онд дэлхий рүү илгээнэ. Харин НАСА-ийн эрдэмтэд Ангарагийн гадаргаас хөөргөх пуужин, дээжийг дэлхийд тээвэрлэж авчрах том хөлгийг зохион бүтээх ажилдаа аль хэдийг оржээ. 

Эх сурвалж: CNN