Реппер Аселийг баривчилсны дараа Испанид дахин эмх замбараагүй байдал дэгджээ

Реппер Аселийг баривчилсны дараа Испанид дахин эмх замбараагүй байдал дэгджээ

Испанийн реппер Пабло Аселийг баривчилсныг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр тус улсад дахин эмх замбараагүй байдал дэгдэж, хэдэн арван хүн баривчлагджээ.

П.Аселийг “YouTube”-д байршуулсан дуу болон бичлэгтээ терроризмыг магтан дуулж, хаант засаглалыг гутаан доромжилсон хэмээн Засгийн газраас нь буруутгаж, есөн сар шоронд хорих ял оноожээ. Тэрбээр 2 дугаар сарын 12-нд шоронд сайн дураараа очих ёстой байсан боловч баривчлагдахаас зайлсхийн зугтжээ. Цагдаа нар түүнийг мягмар гарагт баривчилж, шоронд хорьсон байна.

Үүний дараа Барселонад болсон жагсаал цуглаанд оролцогчид мод болон хогийн сав шатааж, хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу чулуу, лонх шидэж, “El Periodico” сонины газрын төв байр руу янз бүрийн зүйлс шидэж байсан аж. Түүнчлэн Сабадель, Таррагон хотуудад эмх замбараагүй байдал дэгдэж, Валенсияд цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Мягмар, лхагва гарагт жагсаал цуглаан болсны улмаас хэдэн арван хүн баривчлагдаж, олон арван хүн шархаджээ.