BBC: Монголд амиа алдсан Британийн шүхэрчин “Монгол бол хамгийн аюулгүй газар” хэмээн хэлж байжээ

BBC: Монголд амиа алдсан Британийн шүхэрчин “Монгол бол хамгийн аюулгүй газар” хэмээн хэлж байжээ

Одоогоос таван жилийн өмнө буюу 2016 оны наймдугаар сарын 31-нд Их Британийн уулчин Стивен Нэш Завхан аймгийн Улиастай сумаас Архангай аймгийн Цэцэрлэг сум орох замдаа бусдад дээрэмдүүлж амиа алдсан хэрэг гарсан.

Хэргийг Архангай аймгийн харьяат иргэн Г үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд тухайн үед хохирогчийн бичиг баримт болон онгоцны тийзийг устгах гэж байхад нь цагдаа нар саатуулсан байдаг. 

Амиа алдсан Стивен Нэш. BBC

Тэгвэл түүний нас барсан хэргийн шүүх хурал хоёр хоногийн өмнө /2021.02.18/ Их Британийн Уаррингтон хотод болжээ. Уг шүүх хуралд амиа алдсан Стивен Нэшийн эхнэр Ширлей оролцож, нөхрийнхөө талаар ярьжээ. Тэрээр “Нөхөр маань аялахаасаа өмнө Монголчууд хамгийн сайхан сэтгэлтэй, найрсаг, нөхөрсөг хүмүүс. Би Монголд Манчестераас/нөхрийнх нь төрсөн хот/ илүү аюулгүй байж чаддаг гэж хэлж байсан” хэмээн ярьсан байна. Мөн талийгаачийн найз нь “Нэш бол амьдралын асар их хүсэл тэмүүлэлтэй, эрч хүчтэй нэгэн байсан” талаар шүүх хурал дээр хэлжээ. 

Хэргийг эргэн сануулбал, Стивен Нэш Монгол орныг тойрон шүхэртэй аялахаар дотнын найз Гарет Астонтой ирсэн байдаг. Гэсэн ч тухайн үед найз нь нуруундаа бэртэл авсан учир аяллаа ганцаараа үргэлжлүүлэхээр болжээ. Хэд хоногийн дараа Нэшийн байрлал тогтоогч нэг газраасаа хөдлөхгүй байсан тул эхнэр болон найз нь санаа зовж цагдаад мэдэгдсэн байна.

Улмаар түүнийг Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутагт “Хандрагт” гэх газарт цээжин тус газраа хурц үзүүртэй зүйлээр хатгуулж цус алдсан байдалтай нас барсныг олсон.

2017 онд түүний үхэлд Г гэх эрэгтэйг гэм буруутай хэмээн үзэж, 16 жилийн хорих ял оноосон юм. Харин Нэшийн эхнэр Шейрлот шүүх хурал дээр “Алуурчин нөхрийг маань хөнөөж гэр бүлийг минь сүйрүүлсэн. Түүнийг минь юу ч буцаан авчирч чадахгүй. Гэхдээ нөхрийг маань хөнөөсөн этгээд шударга ёс гэж юу байдгийг биеэр мэдрэх ёстой” гэжээ. 

-АМИА АЛДСАН СТИВЕН НЭШ ГЭЖ ХЭН БАЙВ-

Олон жилийн туршлагатай шүхэрчин Стивен Нэш Английн Манчестэр хотод төрсөн бөгөөд нас барах үедээ 53 настай байжээ. Стив, Гарет нар Монгол дахь аяллаа “Spiralling the Steppes 2” хэмээн нэрлэсэн бөгөөд “Spiralling the Steppes 2 - A Paragliding Adventure in Mongolia” нэртэй фэйсүүк хуудас нээн, Монгол дахь аяллынхаа тухай зураг, нийтлэл мэдээлэл оруулж байжээ. Тэд фэйсбүүк хуудсандаа хамгийн сүүлд Гарет хэд хэдэн удаа нислэгээс газардахдаа хүнд буулт хийснээс нуруу нь бэртэж, аяллыг цааш үргэлжлүүлж чадахааргүй болсон тухай бичжээ.

Стив нас барахаасаа өмнө “Red Bull X-Alps” нэртэй дэлхийн парапланы хамгийн хүнд тэмцээнд хоёр удаа оролцож, амжилт үзүүлсэн аж.

Стив, Гарет нар 2016 оны наймдугаар сарын 23-нд буюу Стивийг нас барахаас найм хоногийн өмнө"Бид Хангай нурууны оргилд гарах замаа Улиастай хотоос эхлүүллээ. Маргааш цаг агаарын урьдчилсан мэдээнд дурдсанчлан байгаасай гэж найдаж байна. Бид өдөр бүр XC төхөөрөмж ашиглан байршлаа тогтоож, тэмдэглэж явах болно. Биднийг энэ хол ирэхэд тусалсан Батбаяр болон түүний багийнханд баярлалаа. Одоо биднээс шалтгаалах зүйлс л үлдлээ" хэмээн фэйсбүүк хуудсандаа бичиж байжээ.

Талийгаачийн хамгийн сүүлд цахим хаягтаа оруулсан зурагтаа "Өнгөрсөн шөнө Гарет аяллаа зогсоох хэрэгтэй боллоо. Гарет хэд хэдэн удаа маш хүнд буулт хийж, газардсаны улмаас түүний нурууны бэртэл сэдэрч, цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. Азаар бид нутгийн иргэдийн утсаар аяллын компанитай холбоо барьснаар наймдугаар сарын 30-ны оройн 20 цагийн үед тусламж ирж, 31-ний өдөр өглөөний есөн цагт Гаретыг ирж авлаа. Бидэнд тусалж, Гаретыг авч явсан Батбаяр болон түүний багийнханд баярлалаа. Гарет одоо Цэцэрлэг суманд хүрсэн байгаа. Харин Стив аяллаа цааш ганцаар үргэлжлүүлэхээр боллоо. Харамсалтай нь сүүлийн үед цаг агаар тогтуун, тайван байсан ч үүлшиж, хүчтэй салхилах төлөвтэй байна. Энэ зургаас өнгөрсөн шөнө Гарет Стивд сайн явахыг хүсч, гэртээ хонуулсан нутгийн хоёр хүний хамт авахуулсныг та бүхэн харж болно" хэмээн бичжээ. 

Эх сурвалж: BBC