УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ховд аймагт дэглэм зөрчин сумдаар явж, золголт хийжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ховд аймагт дэглэм зөрчин сумдаар явж, золголт хийжээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж “сар шинийн баярыг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглосон” бол, нийслэлд гацаад буй орон нутгийн иргэдийг энэ сарын 11 –ны өдрөөс өмнө нутаг буцааж, очсон даруйд нь тухайн аймгийн онцгой комисс хяналт тавьж 14 хоног хүртэл гэрийн тусгаарлалтад оруулж буй. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Улсын онцгой комисс болоод Ховд аймгийн онцгой комиссын шийдвэрийг зөрчсөн байж болзошгүй байна. 

Учир нь, тэрээр энэ сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймагт очиж, улмаар Жаргалант сумын Магсаржав багт орших ЭСБА-ийн 60 айлд бууж гэрийн тусгаарлалтад байх иргэдийн тоонд бүртгүүлжээ. Ингээд тэрээр найм хоногийн дараа буюу энэ сарын 15 –ны өдөр “нуур гарна” гэх шалтгаанаар Жаргалант сумын төвөөс гарч зарим сумдаар зорчиж, золголт хийсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн цахим хуудастаа “Ховд аймгийн Алтай, Үенч, зарим өндөр настнуудтай золголоо” гэсэн мэдээллийг оруулжээ. 

Эх сурвалж: https://www.facebook.com/purevdorjbohchuluun

Түүнийг ийнхүү зорчих үеэр Ховд аймгийн нутаг дэвсгэр, сум орон нутгаас гарах орох хөдөлгөөн, нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаах тухай Ховд аймгийн засаг даргын 2021 оны 02-р сарын 08-ны өдрийн А/дроб 62 тоот захирамж гарсан байжээ. 

Сонирхуулахад, өнгөрөгч нэгдүгээр сарын 26 –ны өдөр Улаанбаатараас Ховд аймагт зорчигч тээврийн автобусаар очсон гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрч, эдгээр иргэд болон тэдэнтэй хамт нэг автобусанд зорчиж явсан 44 иргэнийг тус аймгаас тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн, ХӨСҮТ-д хүргэж ирсэн билээ. Мөн Ховд аймгийн онцгой комиссын шийдвэр энэ сарын 16ены өдөр цуцлагдах байсан ч, тус аймагт Улаанбаатар хотоос 1300 гаруй хүн очсон тул, хөл хориог дахин гурав хоногоор сунгасан гэх мэдээлэл бий.