Манай улс коронавирусийн эсрэг анхны вакцинаа хүлээн авлаа

Манай улс коронавирусийн эсрэг анхны вакцинаа хүлээн авлаа

Өнөөдөр/2021.02.23/ үүрээр 06.25 цагт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас буцалтгүй тусламжаар олгож буй 150 мянган тун “АстраЗенека”-ийн “Covishield” вакциныг ачсан “МИАТ”-ын онгоц Улаанбаатар хотод газардлаа. Ингэсээр манай улс коронавирусийн эсрэг анхны вакцинаа хүлээн авч байна. Үүнээс гадна өнөөдөр Америк-Германы “Pfizer”, “Biotech” компаниудын хамтран бүтээсэн вакцины 125 мянган хүнд хийх тун ирнэ.

Манай улсын хувьд нийт хүн амынхаа 60 хувийг дөрвөн төрлийн вакцинаар дархлаажуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эмийн бүртгэлд орсон “Файзер” болон "АстраЗенека”, “Модерна” үйлдвэрийн вакцинуудаас иргэд өөрсдөө сонгон тариулах боломжтой. Ийнхүү маргааш буюу хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхлэх юм. Ингэхдээ тодорхой дарааллын дагуу иргэдийг дархлаажуулна гэдгийг эрх баригчид мэдэгдсэн.  Тодруулбал,

  1. Эрүүл мэндийн салбарын нийт ажилчид
  2. Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарынхан /онцгой байдал, цагдаа гэх мэт/
  3. 50-иас дээш насны хүн ам
  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
  5. Суурь өвчтэй хүмүүс/зүрх судас, чихрийн шижин, хорт хавдар гэх мэт/
  6. Дайчлах боломжтой ажиллагсад/вакцинжуулалт хариу арга хэмжээний багт ажиллана/
  7. Стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид/хил, гааль, нүүрс тээврийн жолооч гэх мэт/

Тэгвэл өнөөдөр ирсэн “АстраЗенека”-ийн “Covishield”  вакцины талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Манай улсын авч буй Их Британийн “АстраЗенека” компани болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран бүтээсэн “AZD1222” “Covishield” вакцины клиникийн туршилтын гуравдугаар үе шатны үр дүнг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-нд танилцуулсан. Эмнэл зүйн туршилтад хамрагдсан оролцогчдод вакцины хагас болон бүтэн тунг нэг сарын зайтай тарьж туршихад вирусийн эсрэг 90 хувийн үр дүнтэй байсан бөгөөд хоёр бүтэн тунг нэг сарын зайтай тарихад 62 хувийн үр дүнтэй үйлчилж буй нь тогтоогдсон. Энэ нь завсрын үр дүнгийн тайлан байв. 

Харин энэ оны нэгдүгээр сарын 3-нд клиникийн шатны туршилтыг албан ёсоор танилцуулсан бөгөөд эхний тунг хийхэд вирусийн эсрэг 76 хувийн үр дүнтэй үйлчилж буйг тогтоосон юм. Мөн эхний тунгаас хойш 12 долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийхэд вирусийн эсрэг 82 хувьтай үйлчилж байжээ. Тиймээс вакцин бүтээгчид вакцины хоёр тунг 8-12 долоо хоногийн зайтай тарьснаар бүтэн тунгийн үйлчлэл, үр дүн эрс нэмэгдэж вирусийн эсрэг илүү хүчтэй дархлаа бий болгож байна гэж мэдэгджээ. 

Хадгалах горим: “AstraZeneca”-ийн хувьд бусад вакцинаас хамгийн давуу талтай нь Цельсийн 2-8 градуст хадгалах боломжтой. Тэр ч утгаараа олноор үйлдвэрлэж болох ба хадгалахад хялбар.  Хадгалалтын хүйтэн хэлхээ шаардахгүй учраас вакцины тээврийн зардлыг асар ихээр хэмнэж байгаа юм.

Хориглох заалт: ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу судалгааны тодорхой үр дүн гарах хүртэл зөвхөн хүнд хэлбэрийн харшилтай болон 18-аас доош насны иргэдэд “AZD1222” вакциныг тарихыг хориглох заалтыг гаргажээ. Мөн “COVID-19”-ийн халдвар авсан хүмүүс эдгэснээс хойш зургаан сарын дараа “Covishield” вакцинд хамрагдах боломжтой болохыг зөвлөсөн байна.

Үүнээс гадна ДЭМБ-аас жирэмсэн эхчүүд болон удахгүй жирэмслэхээр төлөвлөж буй залуу эхчүүдэд дараах хоёр зөвлөмжийг өгч байна. 

  • Жирэмсэн эхийг вакцинжуулалтад албан журмаар хамруулах ёсгүй. Хэрэв халдвар авах эрсдэлтэй орчинд ажилладаг жирэмсэн эхийг вакцинжуулалтад хамруулах ёстой гэж үзвэл тухайн эхийн эрүүл мэндийн байдлыг харгалзан, эмч нар сайтар зөвлөлдөж байж вакцинжуулалтад хамруулах ёстой;
  • Хараахан жирэмслээгүй байгаа залуу эх, бүсгүйчүүд вакцинжуулалтад хамрагдсаны дараа 3 сарын дотор жирэмлэхгүй байх.

Вакцин хийлгэсний дараа хүний биед илрэх шинж тэмдгүүд: Вакцин тариулсны дараа тариулсан газар хавдах, загатнах, улайх, бие зарайх, толгой өвдөх, булчин хөндүүрлэх, ядрах, 38 хэм хүртэл халуурах зэрэг түгээмэл шинж тэмдэг ажиглагдах магадлалтай. Маш цөөн тохиолдолд булчирхай хавдах шинж тэмдэг илрэх боломжтой. Эдгээр шинж тэмдгүүд вакцин тариулснаас хойш хэд хоногийн дараа эхэлж, хоёр долоо хоног хүртэл үргэлжилнэ. Гэхдээ шинж тэмдгүүд нь таны дархлааны систем вакцинд хариу үйлдэл үзүүлж буй сайны дохио юм. Хэрэв шинж тэмдгүүд хүчтэй санагдсан тохиолдолд парацетамол эмийг зааврын дагуу уухыг зөвлөсөн байна.

Хамгийн түрүүнд халуурах шинж тэмдэг 48 цагийн дотор илэрнэ. Хэрэв танд “COVID-19”-ийн шинж тэмдэг нэмж илрээгүй эсвэл халдвартай хүнтэй ойрын хавьталд ороогүй бол вакцин тариулсны дараа тусгаарлагдах шаардлагагүй. Харин 48 цагаас удаан хугацаанд халуурч, коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлаж, шинжилгээ өгөх шаардлагатай.

Үнэ: Дэлхийн улс орнуудад хэрэглээнд нэвтэрсэн вакцинуудаас “Covishield” үнийн хавьд харьцангуй бага гэж хэлж болно. Цар тахлын үед үнэ нэмэхгүй гэж амласан “AstraZeneca” компани олон улсын эрүүл мэндийн байгууллага болон Засгийн газруудтай тохиролцож, нэг тунг нь 3-5 ам.доллараар үнэлжээ. 

Үйлдвэрлэл: Өнөөдрийн байдлаар Их Британи, Итали, Бельги, Франц, Энэтхэг болон Өмнөд Солонгост “AstraZeneca”-гийн вакцины үйлдвэрлэл явагдаж байгаа бөгөөд 2021 онд 400 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаагийн 80 сая тунг энэ оны эхний улиралд нийлүүлэх тооцоо хийгджээ.

Бүртгэсэн улс орнууд: Энэ сарын 16-ны өдөр ДЭМБ-аас тус вакциныг албан ёсоор бүртгэн авсан. Үүний зэрэгцээ тус компанийн патентын дагуу “COVAX” хөтөлбөрийн хүрээнд хэрэглэхийг зөвшөөрсөн юм. Одоогийн байдлаар вакциныг Европын Холбоо, Их Британи, Австрали, Энэтхэг, Аргентин, Мексик зэрэг улс орон албан ёсоор бүртгэн аваад байна.