Денвер хотын дээгүүр нисэж явсан онгоцны хөдөлгүүр шатаж, олон мянган хэлтэрхий айлуудын хашаанд унажээ

Денвер хотын дээгүүр нисэж явсан онгоцны хөдөлгүүр шатаж, олон мянган хэлтэрхий айлуудын хашаанд унажээ

Өнгөрсөн бямба гарагт Денвер хотоос Хонолулу чиглэлд нисэж байсан “Юнайтед Эйрлайнс” компанийн 328 дугаартай, 200 гаруй зорчигчтой "Боинг 777-200” нисэх онгоцны зүүн хөдөлгүүр шатаж, олон хүний амь нас эрсдэлд орсон үйл явдал болжээ.

-ОНГОЦ ГЭНЭТ АГААР ДЭЭРЭЭС ХҮЧТЭЙ УНАЖ, ЗОРЧИГЧИД АЙЖ САНДАРСАН Ч ХАГАС ЦАГИЙН ДАРАА ГЭХЭД АЮУЛГҮЙ ГАЗАРДАЖ ЧАДЖЭЭ-

Харин аз болж онгоцны багийнхан болон зорчигчид гэмтэж бэртээгүй бөгөөд бямба гарагийн үдээс хойш онгоцны буудал руу буцаж иржээ. Бямба гарагийн орой гэхэд Хонолулуд газардах ёстой байсан зорчигчид гэнэтийн аюул ослын улмаас зорьсон газартаа хүрч чадаагүй тул дараагийн нислэгийг бэлэн болтол зорчигчдийн тохь тухтай байдлыг алдагдуулахгүйн тулд бүх зорчигчдыг тэр шөнөө буудалд байрлуулсан гэж “Юнайтед Эйрлайнс” компаний хэвлэлийн төлөөлөгч Дэвид Гонзалес мэдэгдсэн байна. Компаний зүгээс нислэг үйлдэхээс өмнө бүх зүйл хэвийн байсан, харин хөөрснөөс 30 минутын дараа онгоцны зүүн хөдөлгүүрт гэмтэл гарсныг мэдэгдсэн боловч гэнэтийн аюул осол юунаас болж гарсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна. Тиймээс тус улсын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс уг ослын талаар шалгалт явуулахаар болжээ.

Харин тус онгоцонд сууж явсан зорчигчид хөдөлгүүр шатаж байх үеийн бичлэг, зургаа цахим орчинд хуваалцсан нь олон хүний анхаарлыг татаж, хэвлэлийнхэн ч зорчигчидтой холбогдож эхэлсэн байна. Тухайлбал онгоцонд сууж явсан 47 настай Форт Лодердейл, Дэвид Делючиа нар “Вашингтон пост”-д ярихдаа “Хөдөлгүүр шатаж эхэлсний дараахан бид өндрөөс огцом доошилж байсан тул нэг цагийн дотор л үхэх юм байна гэж бодож байсан. Тиймээс би эхнэрийнхээ гараас атгаад “бид дууслаа, хонгор минь” гэж хэлсэн” гэжээ.

Харин эхнэр Делючиа “Гэнэт шажигнасан чимээ сонсогдож, хөдөлгүүрээс улбар шар өнгийн дөл гарч байгаа харагдсан. Нисэх онгоцны буудал руу буцаж очиход бараг хагас цаг зарцуулсан байх. Та бүхний төсөөлж ч чадахгүй хамгийн аймшигтай дүр зургийг би тэр үед харсан” гэж ярьжээ. Мөн бусад зорчигчид ч уг ослын улмаас маш их цочирдож, айсан талаараа цахим орчинд мэдээлжээ. Тэд уг ослоос аврагдсанаа гайхамшиг гэж үзэж байгаа бөгөөд, нисгэгчдийн ур чадварын талаар ч хүмүүсийн дунд яригдаж эхэлжээ.

-ДЕНВЕР ХОТЫН ИРГЭД ТУС ОСЛЫГ ДООРООС НЬ АЖИГЛАЖ БАЙСАН БӨГӨӨД ОНГОЦНЫ ХЭЛТЭРХИЙНҮҮД “ТӨМӨР БОРОО” МЭТ УНАЖ БАЙСАН ГЭВ-

Денвер хотын иргэдэд ч мөн энэхүү осол бодитой мэдрэгдсэн бөгөөд онгоцны эвдэрсэн хөдөлгүүрийн маш олон хэлтэрхий агаараас бороо мэт шаагьж байсан талаар Киран, Кэйн нар ярьжээ. Тэд тоглоомын талбай дээр хүүхдүүдийн хамт салхилж байх үедээ маш хүчтэй дуу чимээ сонсчээ. Ингээд дээшээ харахад тэнгэрт маш их хар утаа гарч, шаталт явагдаж байсан гэв. Удалгүй “төмрөөр бороо орж буй мэт жижигхэн хэлтэрхийнүүд унаж эхэлсэн. Мөн онгоцны маш том хэлтэрхий биднээс холгүй айлын байшингийн урд унасан. Тодруулбал онгоцны нэг хэсэг болох маш том цагираг тэр айлын гараашийг мөргөн, үүднийх нь урд унасан. Гэсэн хэдий ч онгоц үргэлжлүүлэн ниссээр байсан” гэж ярьжээ.

Энэ талаар Колорадо мужийн Брумфилд хотын цагдаагийн газраас “Денверээс хойд зүгт байрлах хэд хэдэн хороололд агаараас хог хаягдал унасан тухай мэдээлэл орон нутгийн цагаар 13:10-т ирсэн. Эргүүл хамгаалалтын албаныхан очиж үзэхэд айлуудын хашаанд болон хүүхдүүдийн тоглодог цэцэрлэгт онгоцны жижиг хэлтэрхийнүүд унасан байсан. Тэр хавьд амьдардаг 1400 орчим хүнд хашаанд нь агаараас унасан сэг байгаа эсэхийг шалгаж үзэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд тус болох үүднээс байгаа газраас нь хөдөлгөхгүй байхыг уриалсан мэдэгдэл явуулаад байна” гэж мэдэгдсэн байна. Энэхүү хэлтэрхийнүүдийн улмаас зарим иргэдийн машины цонх, байшингийн дээвэрт нь эвдрэл, гэмтэл үүсчээ. Нисгэгчдийг төлөөлөх байгууллагаас “Бид нислэгийн багийн гайхалтай хамтын ажиллагаанд талархаж байна. Газар болон агаарт ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй нь маш сайн зүйл. Үүнээс ч илүү муу зүйл тохиолдож болох байлаа” гэжээ.