Энэтхэг, Хятад улсууд маргаантай хилийн бүсээс цэрэг, зэвсэгээ татаж дуусжээ

Энэтхэг, Хятад улсууд маргаантай хилийн бүсээс цэрэг, зэвсэгээ татаж дуусжээ

Хималайн уулсын баруун хэсэг дэхь маргаантай хилийн бүсээс цэргийн хүчээ татаж дууссаныг Энэтхэг, Хятад улсын армийн удирдлагууд өчигдөр зарлажээ.

Тус хоёр улс нь 1962 онд уг маргаантай бүсээс болж хоорондоо дайтаж, үе үе муудалцдаг байсан ч энэ байдал өнгөрсөн зургаадугаар сард хурцдаж цэргүүдийн хооронд мөргөлдөөн гарах үеэр Энэтхэгийн 20 цэрэг амиа алдсан юм. Мөн хоёр улсын цэргүүд зэвсэг ашиглалгүй хоорондоо зодолдож  ч байсан удаа бий.

Уулын Пангон Цо нуурын орчмын газар нутаг багтдаг LAC (Line of Actual Control) хэмээх хилийн зурваст өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш талуудын сөргөлдөөн нэмэгдэж, олон мянган цэрэг, зэвсэг техник төвлөрөөд байв. Харин энэ сарын эхээр хоёр улсын армийн удирдлагууд хилийн бүсээс цэрэг, танк, их буугаа татах тохиролцоонд хүрсэн юм. Тиймээс бямба гарагт талуудын цэргийн командлагч нар хил дээр уулзаж, тохиролцооны дагуу авсан арга хэмжээгээ дүгнэж, цаашид маргаан гаргахгүй байх тохиролцоонд хүрч, бүх цэрэг, зэвсэгээ хоёр талаасаа татаж дуусчээ.