Сурагчдаа хүчирхийлсэн байж болзошгүй Сэлэнгийн багш нарыг шалгаж байна

Сурагчдаа хүчирхийлсэн байж болзошгүй Сэлэнгийн багш нарыг шалгаж байна

Өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны шөнө /2021.01.25/ Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБС-ийн гурван багш нийлж, хоёр сурагч охиныг Зүүнхараад байрлах “Нарны өртөө” зочид буудалд хүчиндсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж буй мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Мандал сумын “Ерөнхий боловсролын II сургууль”-ийн англи хэл, биеийн тамир, газар зүйн багш нар уг хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Энэхүү хэрэг иргэдийг цочирдуулж, олон нийтийн зүгээс хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн этгээдийг хуулийн байгууллага нэн яаралтай илрүүлэх, дахин ийм хэрэг гаргахгүй байх тал дээр холбогдох төрийн байгууллагуудыг арга хэмжээ авч ажиллахыг шаардсан. 

Тэгвэл уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх  боломжгүй гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдэгджээ. 

Тус хэрэгт боловсролын салбарын ажилчид нэр холбогдсон учир БШУЯ-наас тус багш нарыг ямар шалгуураар ажилд авсныг тогтоох, Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын үнэлгээг бууруулах, зохих албан тушаалтанд хариуцлага тооцох зэргээр ажилласан юм. Улмаар хуулийн байгууллага тус хэргийг шалгаж гэм буруутай этгээдийг тогтоосны дараа тухайн иргэний багшлах эрхийг нь бүх насаар хасах зэрэг арга хэмжээг авахаар ажиллаж байгаа аж. Учир нь Эрүүгийн гэмт хэрэгт нэр холбогдсон учир багш нарыг дахин боловсролын салбарт ажиллах эрхийг насаар нь хасах нь тодорхой юм байна.