ИРГЭН Ц: БЗД-ийн эмнэлэг ажилчдынхаа цалинг өгөхгүй, хэвлэлд мэдэгдвэл “ хална” гэж сүрдүүлж байна

ИРГЭН Ц: БЗД-ийн эмнэлэг ажилчдынхаа цалинг өгөхгүй, хэвлэлд мэдэгдвэл “ хална” гэж сүрдүүлж байна

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хойш тус эмнэлэг халдварын томоохон голомт болж хоёр сар гаруй хугацаанд үйл ажиллагаагаа зогсоогоод байсан.

Энэ хугацаанд эмнэлэгт өвчтөнүүдтэй хамт тусгаарлагдсан цөөнгүй эмч, ажилчдын цалинг өгөхгүй байгаа талаар бидэнд эх сурвалж мэдээллээ. Үүнээс гадна энэ талаар гадагш мэдээлэл цацаж, хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан ажилчдын цалинг өгөхгүй, бүр хална хэмээн сүрдүүлсэн аж. Энэ талаар бид тус эмнэлгийн ажилчны ар гэрийн төлөөлөл болох иргэн Ц-тэй ярилцлаа.

-Сайн байна уу. Таны эгч тань Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг юм байна. Тус эмнэлэгт өнгөрсөн 12-р сард коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Танай эгч тань тэр үед ажиллаж байсан уу?

-Сайн. Тийм ээ. Эгчийнхээ ямар ажил хийдэг талаар хэлж чадахгүй байгаад уучлаарай. Хэрэв ямар мэргэжлээр ажилладаг гэдгийг нь хэлчихвэл халагдах байх гэж айж байна. Эгч маань олон хүүхэдтэй. Тэднийгээ тэжээх гэж өдөр, шөнөгүй зүтгэж байна. Гэтэл ажлаасаа хүртэл халагдчихвал эдийн засгийн хямралтай энэ үед хэцүүднэ шүү дээ. Тус эмнэлэгт хөл хорио тогтоох үед эгч ээлжтэй байж таарсан. Тухайн үед эмнэлгээс ажилчдаа нөхөн сэлгэж ажиллуулахгүй, их ачаалалтай, хэцүү нөхцөлд олон хоног ажиллуулсан. Өдөр бүр эмнэлгээс үүдэлтэй 30 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, эмнэлгийн ажилчид хүртэл халдварт өртсөн. Гэтэл энэ хугацаанд эгчийг мааь үр хүүхдүүдээс нь хол, дээрээс нь халдварын эрсдэлт нөхцөлд асар их дарамтад ажиллуулсан байж цалинг нь өгөхгүй байгаад үнэхээр бухимдалтай байна.

-Цалинг нь ямар шалтгаанаар өгөхгүй байгаа юм бол. Удирдлагаас албан ёсоор ямар нэгэн тайлбар өгсөн юм болов уу.

Цалинг нь хамгийн сүүлд оны өмнө өгсөн. Тэрнээс хойш зарим нэг хүн хэл ам хийж байж арайхийж цалингаа авсан сурагтай байсан.

Удирдлагаас нь “хорио цээртэй, улс даяар хүнд байдалд байна. Дээр нь эмнэлэгт хүн хэвтэж эмчлүүлээгүй учраас мөнгө байхгүй” гэж тайлбарласан байна лээ. Сүүлдээ “маргааш өгнө”, “хоёр хоногийн дараа өгнө”, “ирэх долоо хоногт өгнө” гэж хойшлуулж хуурдаг болсон. Гэтэл цалингаа авч чадахгүй байгаа тэр хүмүүс цаанаа ар гэртэй, өчнөөн бүл тэжээж байгааг яагаад ойлгохгүй байгаа юм бэ. Хөөрхий эгч минь хүүхдүүдээ тэжээхийн тулд өр зээл тавьж л амьдарч байна.

-Эмнэлгээс халдварын үед/голомт болж байх үед/ ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалинг өгөхгүй гэсэн юм байна. Тэгвэл бусад ажилчдынхаа цалинг олгож байгаа юу. Хоёрдугаар сарын 3-аас хойш цалин авах хугацаа өнгөрлөө шүү дээ.

-Тийм ээ. Өвчний үед ажиллаж байсан хүмүүсийнхээ цалинг өгөхгүй, дээрээс нь илүү цагийн хөлсийг нь ч өгөхгүй байгаа. Эмнэлэгт хөл хорио тогтоох хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй.

“Тэр хугацаанд үнэгүй хоол идэж, юу ч хийгээгүй байж цалин авах гэлээ” гэж дарамталж байна. 

Саяхан ХӨСҮТ-ийн эмч, ажилчид илүү цагийнхаа мөнгийг аваагүй байгаа талаар танай сайт мэдээлсэн байсан. Гэтэл маргааш нь Эрүүл мэндийн яамны мэдээллээр шууд л “ХӨСҮТ-ийн ажилчдын цалингийн асуудлыг шийдсэн” гэж хэлж байна лээ. ХӨСҮТ улсын эмнэлэг. Гэхдээ улсын эмнэлгийн эмч бол хүн, харин хувийн эмнэлгийнх хүн биш хэрэг үү. Адилхан л “улаан шугаманд” ажиллаж, хүмүүсийн эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа хүмүүс шүү дээ.

-Та ярилцлага эхлэхээс өмнө хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн ажилчныг хална гэж сүрдүүлсэн тухай хэлсэн шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж болох уу?

-Тийм ээ. Хувийн эмнэлэг, мөнгө байхгүй гээд хүний хөдөлмөрийн завшдаг юм байж. Гэтэл яагаад ардчилсан нийгэмд хүний үг хэлэх эрх чөлөөг боомилоод байгааг ойлгохгүй байна. Эгч маань ажилгүй болохоосоо айсан учраас л би өнөөдөр өмнөөс нь яриад сууж байна. Ажилчдынхаа цалинг өгөхгүй байгаа нь  үнэн байтал яагаад үүнийг нууцлаад байгаа юм. Хууль бус зүйлийг нь нуудаг шүү дээ. Гэтэл “хэл ам хийсэн, сэтгүүлчдэд хандсан хэнийг ч зайлуулна, цалингүй болгоно, цалинг нь өгөхгүй” гэж дарамталж байна.

Саяхан нэг ажилтан нь сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм байна лээ. Тэрнээс хойш ажилчдаа бүр ч их дарамтлах болсон. Хэн ч энэ хүнд, хэцүү үеэр цалингүй, дээрээс нь ажилгүй болохыг хүсэхгүй шүү. Тийм болохоор ихэнх нь дуугарч чадахгүй байгаа. Ямар үгээр тэднийг хуурч байгааг би мэдэхгүй. Гэхдээ эгчийнхээ хүүхдүүдийн төлөө би тэвчээд сууж чадахгүй нь. Монгол Улсын Хөдөлмөрийн хууль гэж байдаг шүү дээ. Гэтэл хөдөлмөрлөсөн хүмүүст яагаад хуулийн дагуу цалинг нь өгөхгүй байгааг ойлгохгүй байна. Тиймээс хүний хөдөлмөрийг шулж, дээрээс нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боогдуулж буй тус эмнэлэг хариуцлага хүлээж, ажилчдаа хүндлээсэй, цалинг олгоосой дарамталж, шахахаа болиосой гэж хүсэж байна.