Б.Баатархүү: Байцаалтын өрөө камерын бичлэгтэй байдаг

Б.Баатархүү: Байцаалтын өрөө камерын бичлэгтэй байдаг

Өнгөрөгч амралтын өдрүүдэд нэр бүхий шүүгчид болон АТГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилчид хөл хорио тогтоосон энэ үеэр “цугларч, архидан согтуурсан”, цаашлаад энэ үеэр “биеэ үнэлэлт” буюу хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй талаарх бичлэг цахим орчинд гарсан.

Өчигдөр \2021.02.23\ төв талбайд тус шүүгчдийг эсэргүүцсэн иргэд цуглан жагсаал болсон. Харин тус бичлэг дээр гарсан Д гэх эмэгтэй өчигдөр хэвлэлд ярихдаа “өнгөрсөн ням гарагийн өглөө хоёр цагдаа манай хаалгыг тогшоод, PCR шинжилгээний бичиг шалгах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би хаалгаа онгойлготол миний утсыг хүчээр булааж аваад, хамт цагдаагийн хэлтэс рүү яв гэсэн.

Явах замдаа намайг шоолж, доромжилж байсан. Мөн байцаалтын өрөөнд аваачаад цаг зүгээр суулгасан.

Тэр хооронд гаднаас хэд хэдэн цагдаа орж ирж надаас олон зүйл асууж байсан. Үнэнээ хэлэхгүй бол шоронд явна шүү гэж хэлсэн” хэмээн мэдэгдсэн юм.

Харин энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү “ Байцаалтын өрөө камерын бичлэгтэй байдаг” хэмээн твиттер хуудсандаа жиргэжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтэд хүрсэн тус бичлэгтэй холбоотойгоор шалгалтын ажиллагаа явуулахад биеэ үнэлсэн байж болзошгүй эд мөрийн баримт олдсон, эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн байсан нь тогтоогдсон талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.