Хямдралтай худалдаа зарлаж, түр журам зөрчсөн худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоожээ

Хямдралтай худалдаа зарлаж, түр журам зөрчсөн худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоожээ

Баянзүрх дүүрэгт байрлах худалдааны төвийн гадна өчигдөр (2021.02.23) "Бүх бараа 1999 төгрөг" гэсэн хямдралтай худалдаа зарласны улмаас иргэд олноор бөөгнөрсөн. Улмаар цагдаагийн албан хаагчид иргэдийг тараасан билээ. Тэгвэл тус худалдааны төвийн үйл ажиллагааг түр зогсоосон талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушийн мэдээллээ.

Тэрбээр “Аж ахуйн нэгжүүдэд Covid-19-өөс сэргийлэх 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журмын мэдэгдэл хүргүүлсэн. Бид аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт явуулахаас илүүтэй халдвар хамгааллын дэглэм сахиулахад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Хөл хорионы дэглэмийг өчигдрөөс сулруулсантай холбогдуулан аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь үйл ажиллагаагаа нээсэн. Үсчин, гоо сайхны газрууд олон хүний бөөгнөрөл үүсгээгүй, хүн хоорондын зай барьсан, амны хаалт, нэг удаагийн бээлийний нөөцтэй халдвар хамгааллын дэглэмээ мөрдсөн.

Харин Баянзүрх дүүрэгт байрлах худалдааны төв хямдрал зарлаж, олон хүний бөөгнөрөл үүсгэсэн зөрчил гарлаа. Иймд зөрчлийг арилгуулж, үйл ажиллагааг нь түр зогсоосон” гэжээ.