БИДНИЙ ТУХАЙ: Монголын зэвсэгт хүчинд зориулж 300 мянган тун вакциныг БНХАУ-ын арми илгээсэн гэв

БИДНИЙ ТУХАЙ: Монголын зэвсэгт хүчинд зориулж 300 мянган тун вакциныг БНХАУ-ын арми илгээсэн гэв

Монгол Улс “Ковид-19” цар тахлын эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирж хүн амынхаа 60 гаруй хувийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас буцалтгүй тусламжаар олгож буй вакциныг тээвэрлэсэн онгоц энэ сарын 22-ны өглөө Буянт-Ухаад газардсан бол өчигдөр \2021.02.23\ хоёр дахь ээлжийн вакцин ирсэн юм. Тодруулбал, Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор тус улсаас хандивлаж буй “Sinopharm” компанийн “Verocell” вакцины 300 мянган тун ирсэн.

Үүнийг иргэд “БНХАУ 30 мянган хонины хариу болгож 300 мянган тун илгээсэн” хэмээн цахим орчинд бичиж байсан юм.

Тэгвэл БНХАУ-ын төрийн хэвлэл болох Синьхуа агентлагт “Монголын зэвсэгт хүчний хүсэлтийн дагуу Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Цэргийн Төв Зөвлөлийн шийдвэрээр Монголын зэвсэгт хүчинд зориулж 300 мянган тун вакциныг даваа гарагт илгээлээ” гэж мэдэгджээ.  Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Цэргийн Төв Зөвлөл нь хоёрдугаар сарын эхээр мөн Пакистан, Камбож зэрэг улсуудын зэвсэгт хүчинд вакцин илгээсэн байна. БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн “Verocell” вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байгаа бөгөөд манай улсын ЭМЯ-ны харьяа Хүний эмийн зөвлөл энэхүү вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгоод байгаа аж.