ЗАЛРУУЛГА: Ирэх сарын 10-нд Улаанбаатарт танхимын сургалт явуулахыг дэмжээгүй

2021-02-24 14:20

ЗАЛРУУЛГА: Ирэх сарын 10-нд Улаанбаатарт танхимын сургалт явуулахыг дэмжээгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар ирэх гуравдугаар сарын 01-ээс хөдөө, орон нутагт танхимын хичээлийг эхлүүлэхийг шийдвэрлэсэн юм. Харин  Боловсрол, шинжлэх ухааны яам нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр санал оруулсан гэж Засгийн газрын хэвлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдэгдсэн. 

Тэгвэл нийслэлд гуравдугаар сарын 10-аас танхимын сургалтыг эхлүүлэх Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан саналыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ДЭМЖЭЭГҮЙ гэж залруулга хийлээ. 

Учир нь хатуу хөл хорио тогтоосон 12 хоногт голомтыг хумьж, тархалтыг зогсоох чиглэлээр хийсэн ажил болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнг бататгах, эрсдэлээс сэргийлэх, халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэхээр болов. Тодруулбал, уг асуудлыг дахин хэлэлцэж, тухайн үед нь шийдвэр гаргах бололтой. 

2021-02-24 12:57

ШУУРХАЙ: Орон нутагт ирэх сарын 1-нд, Улаанбаатарт 10-нд ЕБС-ийн танхимын хичээл эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр боллоо. Тус хурлаар аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг  2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь  хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй.

Боловсрол, шинжлэх ухааны яам нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс,

цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр бэлтгэлээ хангасан байна. Хэдийгээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажил, амьдрал, бизнесийн хэвийн горимд оруулж, дархлаажуулалт эхэлсэн ч энэ нь цар тахлын аюул ард хоцорсон гэсэн үг биш. Иймээс хатуу хөл хорио тогтоосон 12 хоногт голомтыг хумьж, тархалтыг зогсоох чиглэлээр хийсэн ажил болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнг бататгах, эрсдэлээс сэргийлэх, халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэхээр болов.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газар




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө