Коронавирусийн халдвартай тэмцэхэд иргэдээс өгсөн хандивын зарцуулалтыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Коронавирусийн халдвартай тэмцэхэд иргэдээс өгсөн хандивын зарцуулалтыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Манай улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол өнгөрсөн оны гуравдугаар сарын 10-ны өдөр /2020.03.10/ бүртгэгдсэн. Үүнээс хойшхи нэг жилийн хугацаанд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, хүчний байгууллагынхан короанавирусийн халдвартай тэмцэх ажилд бүхий л хүчээ дайчлан ажиллаж буй.

Энэхүү ачаалал нь дотоодод халдвар тархсан үе буюу өнгөрсөн арваннэгдүгээр сараас илүүтэй нэмэгдэж байгаа юм. Тиймээс тус ажилд нэмэр тус болох хүсэлтэй иргэд УОК-т хандив, тусламж өгсөөр байна.

Өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар 290 аж ахуйн нэгж, 256 иргэнээс 7.4 тэрбум төгрөгийн мөнгө болон бараа материал хандиваар цугларчээ.

Харин үүнээс хойш хэдэн төгрөг хандив, тусламжийн хүрээнд цугласан нь одоогоор тодорхойгүй байна. Тусламжаар төвлөрсөн мөнгөн хөрөнгө болон бараа материал хуваариалах хяналт тавих, үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайдын баталсан “Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах түр журмаар” зохицуулах ёстой. Мөн “Шилэн данс”-ны тухай хуулиар хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд байршуулах үүрэгтэй ч УОК, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ОБЕГ зэрэг бүхий л байгууллага байршуулаагүй байна. Ерөөс аж, ахуй нэгж, хувь хүмүүсээс өгсөн хандивын мөнгийг үр дүнтэй, нээлттэй зарцуулж чадсан эсэх асуудал ил тод бус байгаа учир хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хандивын мөнгийг хэн, хаана, юунд зарцуулж, хэнд өгснийг тодорхой болгохоор Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.

Мөн үүнтэй холбоотойгоор нэр бүхий албан тушаалтнууд байцаалт, мэдүүлэг өгч буй бололтой. Хандивын мөнгийг үр дүнтэй, зөв хуваарилж, зарцуулсан ч нягталж, шалган эцэслэх нь хуулийн байгууллагын ажил юм. 

Дашрамд дурдахад, өнгөрсөн хугацаанд Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ аж, ахуй нэгж иргэдээс НЭГ ТЭРБУМ гаруй төгрөгийг хандивласан байдаг. Гэтэл тус эмнэлгийн удирдлагууд хандивын мэдээллийг ажилчдадаа тайлагнахдаа 500 сая төгрөг болгон бууруулан буруу мэдээлсэн баримтыг бид дэлгэсэн билээ. ЭНД ДАРЖ мэдээллийг уншина уу. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгаж байж болзошгүй байгаа юм.