Б.Эрдэнэцэцэг: Киногоо үзээд “би яаж ингэж жүжиглэсэн юм бол доо” гэж гайхах үе байдаг

Б.Эрдэнэцэцэг: Киногоо үзээд “би яаж ингэж жүжиглэсэн юм бол доо” гэж гайхах үе байдаг

Монголчуудын хамгийн ихээр хайрладаг, сэтгэлд нь хоногшин үлдсэн уран бүтээлүүдийн нэг бол найруулагч О.Бат-Өлзийгийн “Зүрхэнд шивнэсэн үг” уран сайхны кино. Тэр дундаа “Мөн ч их хүлээсэн дээ гэсэн шүү” хэмээн ээжийнхээ сүүлчийн захиасыг удаан хүлээсэн аавдаа нулимс зангируулан хэлэх бяцхан охины дүр олон хүний зүрхэнд “шингэн” үлдэж харуусал, хөнгөн гуниг, ухаарлыг төрүүлдэг. 

Тормогор алаг нүд, хүүхэд насныхаа гэнэн томоогүй төрхөө кинонд мөнхөлж, олон хүний хайрыг хүртсэн бяцхан охины дүрийг бүтээсэн Батбаярын Эрдэнэцэцэг бүсгүй одоо хоёр хүүхдийн ээж болж, өөрийн “Тэрлэг” хэмээх брэндийг үүсгэн байгуулжээ. Бид энэ удаагийн ярилцлагадаа түүнийг урьж, кинонд дүр бүтээж байсан дурсамжаас нь хуваалцаж хэсэгхэн хугацаанд “амттай” яриаг өрнүүллээ..

-АНХ ШАЛГАРУУЛАЛТАД ОРОХОД “ЧИ УЙЛЖ ЧАДАХ УУ,
МОРЬ УНАЖ ЧАДАХ УУ” ГЭЖ АСУУЖ БАЙСАН-

-“Зүрхэнд шивнэсэн үг” кино бол Монголчуудын хамгийн их хайрладаг, нандигнадаг уран бүтээлүүдийн нэг шүү дээ. Энэ үнэ цэнэтэй бүтээлд дүр бүтээх болсон түүхээс яриагаа эхлүүлэх нь зүйтэй болов уу?

-Би Монголын Хүүхдийн Ордонд дөрвөн настай байхдаа явж эхэлсэн. Тухайн үед кинонуудын пробонд/дүрийн сонсон шалгаруулалт/ их ордог хүүхэд байлаа. Найман настай байхад “Зүрхэнд шивнэсэн үг” киноны “проб” болсон. Тэгээд л урьдын адилаар шалгаруулалтад ороод үзье гээд зориглож тэнцэж байсан даа. Шалгаруултад яг хэчнээн хүүхэд орж байсныг бол сайн санадаггүй. Миний санаж байгаагаар нэлээн олон хүүхэд байсан. Би хамгийн сүүлд очиж, шалгаруулалтад ороод тэнцсэн.

-Тухайн үед найруулагч таны нүдийг хараад шууд л “энэ охин мөн байна” гэж тэнцүүлчихсэн гэх яриа байдаг?

-Тийм яриа байдаг юм байна лээ. Гэхдээ шалгаруулалтад ороход “Чи уйлж чадах уу, инээж чадах уу, морь унаж чадах уу” гэх мэт олон зүйл асууж, бас шүлэг, найруулал уншуулж шалгаруулж байсан.

-Найман настай Б.Эрдэнэцэцэгийн анхны дүр байв уу. Үүнээс өмнө ямар нэгэн дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээж байсан уу.

-За байз. Тэрнээс өмнө таван настайдаа “Guys 666” хамтлагийн “Тавилан” кинонд н.Ундрал гэдэг жүжигчний бага насны дүрд анх удаа тоглож байсан. “Зүрхэнд шивнэсэн үг” кинонд тоглох үедээ арай туршлагажсан байсан юм болов уу/инээв/.

-Киноны зураг авалт хаана болсон юм бэ. Урт хугацаанд зураг авалт хийгдэж байсан гэж сонсож байсан юм?

-Тийм шүү. Төв аймгийн Сэргэлэн суманд зургаан сарын турш зураг авалт хийгдэж байсан. Зураг авалтад ээж маань хамт явсан. Ээж маань надад бүхий л зүйлийг зааж, зөвлөж, хажууд их түшиг, тулгуур болж байсан. Гэхдээ ганц надад анхаарахгүй. Зураг авалтын талбайд өөрийн чадах бүхнээ хийнэ, тус болохыг хичээнэ.

-Хүүхэд байхдаа энэ киног үзэхэд үйл явдал нь анхаарна уу гэхээс төдийлөн утга учрыг нь ухаж ойлгодоггүй байлаа. Хүүхэд ойлгоход хэтэрхий гүнзгий утга санаатай кино юм шиг санагддаг.  Та тухайн үед кино зохиолоо уншаад гол утга санаа, үзэгчдэд өгөх гээд байгаа “мессеж”-ийг нь ойлгож байв уу?

-Яг үнэнээ хэлэхэд үгүй/инээв/. Таны хэлснээр бага байсан болохоор ч тэр үү киноныхоо утгыг төдийлөн ойлгоогүй. Бас зохиолоо бүтнээр нь уншиж байгаагүй. Яг зураг авалтын өмнө л тухайн хэсгийн зохиолыг уншиж, алдахгүй юмсан гэж хичээдэг байсан. Тухайн үед нэг их алдаж, үгээ мартаж, санаж байгаагүй. Киногоо одоо үзээд “Би яаж ингэж жүжиглэсэн юм бол доо” гэж гайхах үе ч байдаг.

-НАЙМАН НАСТАЙ ЭРДЭНЭЦЭЦЭГ КИНОГОО ТӨДИЙЛӨН ОЙЛГОДОГГҮЙ БАЙСАН. ОДОО БОЛ ҮЗЭХ БОЛГОНДОО УЙЛДАГ-

-Киноны тань дүрээр таныг маш олон хүн таньдаг болсон. Одоо ч хүмүүс тэр бяцхан охиныг мартаагүй байна. Кинонд тоглосны дараа хүмүүс таниад эхлэхээр ямар санагддаг байв. Яаж хүлээж авдаг байсан бэ?

-Тийм. Гадуур явахад хүртэл “Нөгөө кинонд тоглодог охин байна” гээд л таньдаг байсан. Хүмүүс өхөөрдөж “хөөрхөн байна”, “мундаг тоглосон шүү” гэж  хацар дээр их үнсдэг байсан. Энэ дундаас одоо ч сэтгэлд тод үлдсэн нэг дурсамж бий. Кинонд тоглосны дараа Арслантай гүүрний хажууд ном зардаг ах надад “Үүлэн бор” гэдэг номыг бэлэглэж байсан. Тэр ахыг би хэзээ ч мартдаггүй. Одоо ч номыг нь хадгалдаг.

-Хүүхдэд өөрийнхөө хийсэн зүйлээр бахархах, онгирох цагаахан зан байдаг шүү дээ. Таны хувьд кинонд дүр бүтээснийхээ дараа найзууд, ангийнхандаа хэр “онгирдог” байв.  

-Бараг онгирч байгаагүй шүү. Багадаа урлагийн үзлэг, 9 сарын 1-ний нээлт гэх мэт сургуулиас зохиож буй ихэнх нь арга хэмжээнд оролцдог бас хөтөлдөг байсан. Тийм болохоор онгирох, сайрхах зан төдийлөн байгаагүй.

-Та ярилцлагын эхэнд найруулагч надаас “Чи уйлж чадах уу, инээж чадах уу, морь унаж чадах уу” гэж асууж байсан гэсэн. Энэ бүх мэдрэмжийг илэрхийлж жүжиглэхэд хамгийн хэцүү нь аль нь байсан гэж бодож байна.

-Уйлах хэсэг нь л хэцүү байсан. Тухайн үедээ би уйлж чадаагүй. Найруулагч, бусад ах эгч нар маань надад “Хэцүү зүйлээ бодоод уйлаарай” гэж хэлж байсан. Яг шалгаруулалтад орохдоо  уйлж чадаагүй ч зураг авалтын үеэр бол хангалттай уйлсан шүү/инээв/.

-Киногоо хамгийн анх үзэхэд ямар санагдаж байв. Хэнтэй хамт явж үзэж байсан бэ. Энэ дурсамжаасаа хуваалцаач.

-Аав, ээжтэйгээ хамт “Ард” кино театрт хамгийн анх үзэж байлаа. Хүүхэд байсан болохоор яг нарийн тодорхой зүйлийг санадаггүй. Их л баярлачихсан, догдолчихсон явж байсан. Аав, ээж маань намайг байнга дэмжиж, урмын үг хэлж байдгийн адилаар тухайн үед бас л “Миний охин мундаг байна. Сайн жүжиглэсэн байна” гэж хэлж байсныг санаж байна.

-Найман настайдаа киногоо анх үзсэн мэдрэмж, том болсныхоо дараа үзэх мэдрэмж өөр байдаг уу. Магадгүй илүү олон зүйлийг ойлгосон байх.

-20 орчим настай байхдаа юм болов уу. Эсвэл саяхнаас ч байж магад. Анхныхаа хүүхдээ төрүүлж, өөрөө ээж болоод илүү гүн гүнзгий ойлгосон юм шиг байна. Найман настай Эрдэнэцэцэг киноны гол утга санааг ч ойлгоогүй дүр бүтээж байсан гэсэн шүү дээ. Одоо бол үзэх болгондоо уйлдаг.

-Кино баг олон туршлагатай жүжигчдээс бүрдсэн. Танд хамгийн их зөвлөдөг, заадаг хүн хэн байв. “Энэ хэсэг дээр ингэж жүжиглээрэй. Ингэх хэрэгтэй шүү” гэх мэтээр зөвлөдөг хүн?

-Бүгдээрээ л зааж, зөвлөдөг, надтай ойр дотно байсан. Зураг авалт эхлэхийн өмнө бүгд л майхнаа тойрч суугаад үгээ бэлдэнэ. Хамгийн жаахан нь гэдэг утгаараа намайг их өхөөрддөг. Найруулагч маань хүртэл үүрэх үедээ үүрээд, тэврэх үедээ тэврээд явдаг байсан.  

-ОДОО Ч ЗАРИМ ХҮН НҮД, ХӨМСГӨӨР МИНЬ ТАНЬЧИХДАГ-

-Одоо кино багийнхнаас холбоотой хүн байдаг уу.

-Нэг их ойр дотно хүн байдаггүй. Би Австрали, Солонгост удсан болохоор төдийлөн байнга уулзаж, холбоо тогтоож чаддаггүй байсан. Сүүлд харин Ш.Дэлгэржаргал эмээтэй уулзсан.

-Кинонд тоглосны дараа маш олон уран бүтээлд дүр бүтээх урилга авч байсан гэж сонсож байсан?

-Тийм. ӨМӨЗО-ны уран бүтээлчдээс хүртэл ирж байсан. Тухайн үед тоглох хүсэл сонирхол байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар чадаагүй.

-Киноны талаарх ярианаасаа түр хөндийрье. Та хаана ямар сургуульд сурсан бэ. Олон хүн таныг жүжигчний мэргэжил эзэмших байх гэж бодож байсан байх.

-Би СУИС-ийн харьяа Радио телевизийн дээд сургуулийг 2012 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Төгссөнийхөө дараа Солонгос улс руу магистрт суралцахаар явсан. Үүний дараа Австралид хэлний бэлтгэлд суралцаж, Монголдоо ирээд гурван жил болж байна.

-Яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон юм бэ.

-Тухайн үед СУИС-д жүжигчний ангид орох гэж байсан ч тэнцээгүй. Гэхдээ сэтгүүлчийн мэргэжилд их сонирхолтой байсан. Тэгээд л энэ мэргэжлийг сонгосон доо. Одоо сэтгүүлч мэргэжилдээ их дуртай.

-СУИС-д эхний удаа тэнцээгүй ч гэсэн “дараагийн удаа шалгаруулалтад орж заавал тэнцэнэ” гэсэн бодол төрөөгүй юу.

-Миний дотор яг тийм мэдрэмж гэх юм уу төрж байсан л даа. СУИС-д тэнцэхгүй бол бол заавал сэтгүүлч болно доо гэсэн мэдрэмж, бодол. Би арван жилдээ гурван удаа анги алгасаж, 14 настайдаа сургуулиа төгсөж байсан. Тэр ч утгаараа жил алдахыг хүсээгүй.

-Эргээд бодоход “жүжигчин болохгүй яав даа” гэж харамсах үе гарч байсан уу.

-Манай ээж л жаахан харамсдаг байх. Ээжийг маань н.Гантуяа гэдэг. Эмзүйч мэргэжилтэй. Намайг жүжигчин болгохыг хамгийн их хүсдэг байсан хүн бол ээж. Эмэгтэй хүүхэд гэдэг утгаараа хөгжүүлэхийг хүсэж бага байхаас минь урлагийн дугуйланд элсүүлсэн. Тийм болохоор охиноо урлагийн хүн болно гэж боддог байсан байх.

-Таныг олон хүн багийн төрхөөр тань санадаг байх. Том болсны тань дараа таньсан тохиолдол бий юү.

-Байдаг. Ер нь бол хөмсөг, нүдээр маань таньчихдаг/инээв/.

-Та саяхан “Тэрлэг” брэндийн үүсгэн байгуулж, дээл оёж эхэлсэн шүү дээ. Яагаад энэ төрлийн бизнест “орох” болсон бэ.

-Багадаа урлагийн арга хэмжээнүүдэд оролцдог байсан болохоор янз бүрийн хувцас их хийлгэдэг байлаа. Ялангуяа дээлэнд их дуртай байсан. Тухайн үед одоогийнх шиг гоёлын даашинз, гоёлын хувцас байгаагүй. Тийм болохоор янз бүрийн дээл хийлгэдэг, дээл өмсөх их дуртай байсан. Гадаадад байхдаа үндэсний хувцас гэдэг их чухал зүйл гэдгийг ойлгож, илүү дурласан гэх үү дээ. Тэгээд л Монголд ирээд дээлээ хийж эхэлсэн. Ээж маань надад их тусалж, зааж сургадаг. Хамгийн гол нь би өөрөө дуртай.

-Брэндийн нэр нь их энгийн сонсогдож байна?

-Нэгдүгээрт, гадаад нэр өгөхийг хүсээгүй. Хоёрдугаарт, манай брэнд яг тэрлэгээрээ дагнадаг. Өөр хэв маягийг шингээсэн гоёлын дээл хийдэггүй. Монгол эсгүүртэй, монгол уламжлалыг шингээсэн, товч шилбээ өөрсдийн гараар хадаж хийдэг. Монгол дээлийн үндсэн хэв маягийг хадгалж, тэрлэгээрээ дагная гэж ийм нэр өгсөн.

-Хэчнээн төрлийн дээл урлаж байна?

-Анх хоёр охиндоо баривч хийж эхэлж байсан. Харин одоо эрэгтэй, эмэгтэй дээл тэрлэг, монгол цамц, хүүхдийн дээл, баривч гэсэн үндсэн төрлүүдээр дагнаж байгаа. Одоогоор гурван оёдолчинтой. Монгол уламжлалт эсгүүрийг баримталдаг болохоор дизайнерын шаардлага байдаггүй. Манайх дээлийн материал дээрээ их анхаарал хандуулдаг. Тухайлбал, хятад материал их хог татдаг, амархан бөөсөрч, бие наалдаад байдаг. Тийм болохоор материалаа цэвэр даавуугаар сонгодог.  Хамгийн гол нь монгол дээлийн хэв маягийг алдагдуулахгүй байхыг хичээдэг.

-ЭНЭ ДҮР МИНИЙ АМЬДРАЛЫН САЛШГҮЙ НЭГ ХЭСЭГ
БОЛООД ҮЛДЧИХСЭН-

-Цаашдаа “Тэрлэг” брэнд дээрээ төвлөрч ажиллах уу, эсвэл сэтгүүлч мэргэжлээрээ ажиллах уу. Магадгүй дахиад дэлгэцийн уран бүтээлд тоглох хүсэл сонирхол байдаг уу?

-“Тэрлэг” брэндээ бол орхихгүй, үргэлжлүүлээд ажиллана. Хоёр охиноо жаахан том болохоор сэтгүүлчийнхээ мэргэжлээр ажиллах хүсэл бий. Харин жүжигчний мэргэжлээр ажиллах хүсэл бол байхгүй ээ /инээв/.

-Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач. Нөхөр тань анх таныг “Зүрхэнд шивнэсэн үг” киноны охин гэдгийг мэдэж байсан уу. Эсвэл сүүлд мэдсэн үү.

-Нөхрийг маань н.Цэнгэл гэдэг. Бид хоёр анх Австралид танилцаж байсан. Анх танилцахад кинонд тоглосон гэдгийг маань мэдээгүй. Эргэн тойрны хүмүүсээс сонсоод их гайхаж хүлээж авч байсан.

-Олон жилийн өмнөх явдал болохоор та зарим зүйлийг санахгүй байж магад. Гэхдээ танд хэзээ ч санаанаас гардаггүй киноны ямар хэсэг байдаг вэ.

-Кино дээр ээж өөд болдог хэсэг хамгийн түрүүнд санаанд бууж байна. Хүүхэд байсан болохоор ч тэр үү их хүнд тусаж байсан. Нэлээн шөнө зураг авалт хийсэн байх шүү.

-Киноны дуу оруулалтыг сүүлд хийсэн шүү дээ. Дуу оруулахад хэр байсан бэ.

-Найруулагч эхэндээ намайг чадахгүй байх гээд өөр хүнээр дуу оруулна гэж байсан. Яг яагаад надаар дуу оруулах болсныг сайн мэдэхгүй. Кинонд дуу оруулна гэдэг үнэхээр амаргүй ажил байсан шүү. Хүүхэд байтугай том хүний ч амар хийх зүйл байх. Гэхдээ тухайн үедээ их эвлэгхэн хийчихсэн. Өглөөнөөс шөнө хүртэл МҮОНРТ дээр өнжиж дуу оруулалтаа хийж байсан.

-Ярилцлагынхаа төгсгөлд киноны хамгийн оргил хэсэг болж хүмүүст ухаарал, гуниг, харуусал төрүүлдэг хэсгийн талаар яримаар байна. “Мөн ч их хүлээсэн дээ гэсэн шүү” гэж хэлдэг хэсэг. Энэ хэсгийн зураг авалтыг хийх явцын талаар яривал.

-Яг тэр хэсгийн зураг авалтыг маш олон удаа авч байсан. Нэг газар тэмдэглэгээ хийгээд чулуу тавьчихсан. Тэр чулуу хүртэл алхаж, цаашаагаа гүйдэг. Өөрийгөө уйлж чадна гэж бодоогүй. Гэхдээ тухайн үедээ зохиолдоо ороод уйлчихсан. Жил бүр киногоо үзэхэд өөр өөр мэдрэмж төрдөг. Энэ дүр миний амьдралын салшгүй нэг хэсэг болоод үлдчихсэн. Амьдралын минь нэг бэлэг гэж боддог. Энэ дүрдээ их хайртай. Бага насаа кинонд мөнхөлсөн нь миний хувьд маш үнэ цэнэтэй зүйл.

-Ярилцсан баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа.

Б.Эрдэнэцэцэгийн "Тэрлэг" брэндийн пейж хуудсаар зочлоорой.