Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг “шоронгоос суллах” шүүх хурал 12:00 цагт зарлагджээ

2021-02-26 12:57

ШУУРХАЙ МЭДЭЭ: Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг “үргэлжлүүлэн хорьж, шалгах” шийдвэр гарчээ

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хянаж хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн юм. 

Ингэснээр тэрээр хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөн тул, хорих ангиас суллагдах хүсэлтээ шүүхэд гаргаад байжээ.  

Иймд өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний хүсэлтийг хэлэлцээд “Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорьж, шалгах шийдвэр” гаргажээ. Харин тэрээр энэ асуудлаараа ирэх сарын дундаас дүүргийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрх нь нээлттэй үлдэж байгаа аж. 

Жич:  өмнө нь манай сайт “Ж.Эрдэнэбат суллагдаж Сэлэнгэ аймагт амарч байгаа” гэх мэдээллийг нягталж, албаны эх сурвалжаас тодруулалгүй, ташаа мэдээлэл нийтэлж байсан. Иймд уншигчдаасаа хүлцэл өчиж байна.

2021-02-26 11:00

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг “шоронгоос суллах” шүүх хурал 12:00 цагт зарлагджээ

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, хоёр шатны шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулаад байсан.

Харин саяхан нэгдүгээр сарын 15-ны өдөр Улсын дээд шүүхээр тус хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн юм. Ингэснээр тэрээр хорих ангиас суллагдах нөхцөл бүрдсэн юм. 

Тэгвэл Ж.Эрдэнэбат нар суллагдах хүсэлтээ шүүхэд гаргаад байгаа ажээ.

Иймд өнөөдөр 12:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд Ж.Эрдэнэбат нарыг суллах эсэхийг хэлэлцэх хуралдаан зарлагдсан байна. Албаны эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр тус хурлыг өмнө нь хийх байсан “прокурор завгүй” гэсэн шалтгаанаар хойшлуулаад байжээ. 

Жич: өмнө нь манай сайт “Ж.Эрдэнэбат суллагдаж Сэлэнгэ аймагт амарч байгаа” гэх мэдээллийг нягталж, албаны эх сурвалжаас тодруулалгүй, ташаа мэдээлэл нийтэлж байсан. Иймд уншигчдаасаа хүлцэл өчиж байна.