"Нэг хүнийг вакцинжуулахад ойролцоогоор 30-40 минут зарцуулж байна"

"Нэг хүнийг вакцинжуулахад ойролцоогоор 30-40 минут зарцуулж байна"

Энэ сарын 23-нд манай улс бүх нийтийн дархлаажуулалтаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 3000 гаруй эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, ажилтныг вакцинжуулаад байна. "Өдөрт мянга гаруй хүнийг вакцинжуулж буй нь хангалтгүй байна" хэмээн зарим мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл тайлбар өглөө.

Тэрбээр “Манай эрүүл мэндийн салбарт 56 мянга гаруй эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан байдаг. Эдгээрээс коронавирусийн халдвартай өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа, эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах,яаралтай тусламж үзүүлэх зэргээр өвчтөнтэй шууд харьцаж буй ажилчдыг хамгийн түрүүнд дархлаажуулах арга хэмжээг авч байна. Гуравдугаар сарын 15 гэхэд эхний ээлжийн хүмүүсийг дархлаажуулж дуусах төлөвлөгөөтэй байна.

Гэхдээ ковидын вакцинжуулалт бусад товлолын дархлаажуулалтыг бодвол харьцангуй удаан хугацаанд хийгдэж байгааг та бүхэн харж байгаа байх. Нэг хүнийг вакцинжуулахад 30-40 минут шаардагдаж байгаа. Яагаад гэвэл вакцин тариулсан буй хүн 30 минут эмчийн ажиглалтад байдаг, хоёрдугаарт, иргэд хүн хоорондын зай барьж байгаа, гуравдугаарт, гурван өрөө дамжиж дархлаажуулалт хийгдэж байгаа учраас бусад дархлаажуулалтыг бодвол удаан байгаа юм. Мөн шинэ төрлийн вакцин хийж байгаа учраас тандалт судалгаа, эмчийн үзлэгт тодорхой хугацаа шаардагдана” гэв.