Монгол эмэгтэйг хөнөөсөн Ирландын өсвөр насны хүүгийн шүүх хурал хойшилжээ

Монгол эмэгтэйг хөнөөсөн Ирландын өсвөр насны хүүгийн шүүх хурал хойшилжээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Ирланд улсын нийслэл Дублинд ажлаа тараад явж байсан нэгэн монгол эмэгтэйд өвсвөр насны хүү халдаж, хүзүүнд нь хутгалсан талаар гадны хэвлэлүүд бичиж байсныг бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тус этгээдийг хүний амь насанд санаатайгаар халдсан, дээрэмдэхийг завдсан гэсэн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад байгаа бөгөөд энэ сарын 24-нд хүүгийн анхны шүүх хурал Дублин хотын хүүхдийн шүүхэд болжээ. Энэ үеэр хүүгийн талаас 28 хоногийн завсарлага өгөхийг шүүгчдээс хүссэн тул ирэх сарын 24 хүртэл шүүх хурал хойшилсон байна.

Хэргийг сануулбал,  Дублин хотын төв хэсэг “Custom House Quay” дахь CHQ гэх байрны ойролцоо явган хүний гарцаар гарч байсан Монгол эмэгтэй дээр өсвөр насны 14 настай дугуй унасан хүү ирж өөртөө байгаа бэлэн мөнгөө өгөхийг шаарджээ. Ингээд эмэгтэйг эсэргүүцэхэд маш шалмаг хөдлөн хүзүүг нь хутгалчихаад зугтаасан байна. Харин халдлага үйлдсэн 14 настай этгээд нь өмнө хүчирхийлэл болон хулгай дээрмийн хэрэгт хэд хэдэн удаа холбогдож байсан нь тогтоогджээ.