Цэргийн алба хаагчид бүлэглэн нэгэндээ хүч хэрэглэсэн бол 1-5 жилийн хорих ялаар шийтгэнэ гэжээ

Цэргийн алба хаагчид бүлэглэн нэгэндээ хүч хэрэглэсэн бол 1-5 жилийн хорих ялаар шийтгэнэ гэжээ

Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд нэгнээ дарамталж, дэглэж буй бичлэг цахим орчинд цацагдаж, олны шүүмжлэлийг төрүүлээд байсан билээ. Энэ асуудалтай холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэлийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр мэдэгдэл хийж, алба хааж буй цэргүүдийн эцэг эхчүүдээс уучлалт хүссэн юм.

Харин Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаяр энэ талаар “Бичлэг дээр гарсан цэргүүд бүгд халагдаад явсан байна. Бидний тооцоолж буйгаар энэ бичлэг өнгөрсөн намар хийгдсэн байх гэж бодож байна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Дарамталж, дэглэсэн зэрлэг балмад үйлдэл гаргасан нөхдүүдийг олж, хариуцлага хүлээлгэх зүйл яригдаж байна.

Цаашлаад шалгалтын явцад иймэрхүү үйлдэл удаа дараа гарч байсан нь тогтоогдвол тус цэргүүдийг удирдаж байсан ангийн захирагчид ч хариуцлага хүлээлгэх, албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болно. Цэргийн маш нарийн дэг, журам гэж бий. Хүний эрхийн байгууллагууд ч манай салбарынхантай маш сайн хамтарч ажилладаг” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн тухай хуулийн 28.4-т 

  • 1.Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 2.Энэ гэмт хэргийг:
  • 2.1.бүлэглэж;
  • 2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.