Лэди Гагагийн алдагдсан нохдыг нэгэн үл таних эмэгтэй авчирч өгжээ

Лэди Гагагийн алдагдсан нохдыг нэгэн үл таних эмэгтэй авчирч өгжээ

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн орой дэлхийн поп од Лэди Гагагийн хайртай хоёр нохойг үл мэдэгдэх этгээд Холливүүд дэх гэрийнх нь ойролцоогоос хулгайлсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Тиймээс дуучин Лэди хоёр нохойг нь буцааж өгвөл $500 мянгын мөнгөн шагнал өгөхөө амлаад байсан юм.

Тэгвэл баасан гарагийн орой тус нохдыг нэгэн үл таних эмэгтэй цагдаагийн газарт авчирч өгчээ.

Одоогооор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул аюулгүй байдлын үүднээс эмэгтэйн нэр, гэрийн хаяг болон анх нохдыг олсон газар зэргийг нууц хэвээр үлдээнэ гэж цагдаагийн газраас мэдэгдсэн байна. Харин дуучин Лэди Гага тус эмэгтэйг “баатар” хэмээн өргөмжилж амласан мөнгөн шагналаа өгөхөд бэлэн байгааг мэдэгдсэн ч цагдаагийн газраас хэргийг шалгаж дуустал түр азнахыг зөвлөсөн байна. Учир нь сүүлийн үед тус улсад өндөр үнэ хүрдэг франц бульдог үүлдрийн нохойг ашиг олох зорилгоор хулгайлж үржүүлэх гэмт хэрэг түгээмэл гардаг болсон бөгөөд яаран шагнал өгөх нь гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлэх үйлдэл болж болзошгүйг тайлбарлажээ.

Хэргийг сануулбал, өнгөрсөн лхагва гарагт нохойг нь салхилуулж явсан залууг хагас автомат буугаар буудаж, шархдуулаад франц бульдог үүлдрийн Кожи, Густав нэртэй хоёр нохойг нь авч явсан юм. Хулгайчид 20-25 орчим насны залуучууд байсан бөгөөд “Nissan Altima” маркийн автомашин унаж явжээ.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө