"Мьянмараас яаралтай нутаг буцах хүсэлтээ өгсөн гурван Монгол иргэн байна"

"Мьянмараас яаралтай нутаг буцах хүсэлтээ өгсөн гурван Монгол иргэн байна"

Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ний өдөр Мьянмарын цэргийнхэн бослого дэгдээж, Ан Сан Су Чи тэргүүтэй Засгийн газрын удирдагчдыг хүчээр “түлхэн унагааж” баривчилсан юм. Үүний дараа нэг жилийн хугацаатай онц байдал зарласан. Гэсэн ч иргэд Засгийн газрын тэргүүнүүдийг суллаж, ардчилсан дэглэмд буцаан шилжүүлэхийг шаардан жагсаж байна. Цэргийнхэн эхэндээ жагсаалын эсрэг хүч хэрэглэхгүй хэмээн мэдэгдэж байсан ч өчигдөр/2021.02.28/ цагдаа нар иргэд рүү гал нээж 18 хүн амь үрэгдээд байна. 

Тус улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас Тайланд улсад суугаа ЭСЯ Мьянмарт оршин суудгаа бүртгүүлсэн 14 иргэнтэй тогтмол холбоотой ажиллаж байгаа талаар Гадаад хэргийн яамны сайд Б.Батцэцэг мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар эдгээр иргэнээс нутаг буцах хүсэлт гаргасан зургаан хүн байгаагийн гурав нь яаралтай ирэх хүсэлтэй байгаа аж. Гадаад хэргийн яамнаас эдгээр иргэдийг боломжит тусгай үүргийн онгоцоор татан авахаар ажиллаж байгаа ч тус улсаас гарах нислэгүүд цуцлагдаж байгаа юм байна. Тиймээс цаашид ГХЯ, Бангкок дахь ЭСЯ иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч ажиллана хэмээн тэрээр өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.