032-ЫН ХАЛ ЦЭРЭГ Ө: Дэглүүлсэн талаар дарга, удирдлагууддаа хэлбэл бүгд л ад үзэж эхэлнэ. Тиймээс дуугүй тэвчээд өнгөрдөг

032-ЫН ХАЛ ЦЭРЭГ Ө: Дэглүүлсэн талаар дарга, удирдлагууддаа хэлбэл бүгд л ад үзэж эхэлнэ. Тиймээс дуугүй тэвчээд өнгөрдөг

Өнгөрсөн баасан гарагт буюу хоёрдугаар сарын 26-ны өдөр Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032-р ангийн цэргүүд нэгэнтэйгээ зүй бусаар харьцаж, “дэглэж” буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж иргэдийн уур бухимдлыг нэлээдгүй төрүүллээ. Эр цэргийн албанд татагдсан залуус эх орныхоо  өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр очдог. Гэсэн ч энэ мэт “оны ялгаа”-аас болж, хал цэргүүддээ “дэглүүлэх” тохиолдол ил, далдуур гардаг гэдгийг энэхүү бичлэг батлав уу гэлтэй.

Нөгөөтээгүүр уг бичлэгээс болж олон эцэг, эх хүүхдээ цэргийн албанд явуулахаас эмээж байна. Бичлэгийг тойрсон олон асуулт хариулт нэхэн үлдсэн. Шинэ цэргүүдийг юуны учир дарамтлав, ийм дарамт хэр удаан үргэлжлэв, цэргийн албанд гар утас хаанаас нэвтрүүлэв гэх мэт. Тэгвэл бид уг асуултуудад хариулт авахаар бичлэг дээр гарсан залуустай хамт мөр зэрэгцэн алба хаасан цэрэгтэй болсон үйл явдлын талаар ярилцлаа.

-ШИНЭ ЦЭРГҮҮДИЙГ ИРСЭН ЦАГААС НЬ ЯНЗ БҮРЭЭР Л ДЭГЛЭДЭГ-

-Олон нийтийн сүлжээнд цэргүүдтэй холбоотой бичлэг цацагдаж, иргэд багагүй бухимдаж байна. Тус бичлэгийг хийсэн залуус тантай хамт алба хааж байсан юм байна. Та хэзээ 032 дугаар ангид элсэж орсон бэ.

-Би 2019 онд Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032-р ангийн Харуул үйлчилгээний тусгай ротод орж, алба хаасан. Нийгмийн сүлжээнд цацагдсан бичлэгийг тухайн үед надтай хамт алба хааж байсан залуус хийсэн байсан.

-Бичлэг хийж байх үеэр та тэнд байсан уу. Болсон үйл явдлын талаар бидэнд ярьж өгөөч.

-Яг тэр бичлэг хийх үеэр цэргүүдийн чөлөөт цаг эхэлчихсэн байсан. Би тасагтаа ном уншиж байгаад ариун цэврийн өрөө орохдоо хажуугаар нь өнгөрсөн. Тухайн үед бичлэг хийж байсныг бол мэдээгүй. Өнгөрсөн баасан гарагт л фейсбүүкт тавигдах үед мэдсэн. Дээрэлхүүлж байсан цэргийн нэг нь манай найзын нутгийн дүү байсан юм. Найз маань нэлээн уурлачихсан ирээд “дүү нарыг дэглээд, уйлуулчихсан байна” гэж хэлж байсныг санаж байна. Тус цэргүүдийн нэрийг хувь хүний нууц учраас хүндлээд хэлэхгүй байсан нь дээр болов уу.

-Та тухайн үед хажуугаар нь өнгөрөхдөө хал цэргүүд нь шинэ ирсэн дүү нараа дэглэж, ёс зүйгүй хандаж байгааг мэдсэн үү.

-Мэдсэн.

-Тэгээд зогсоогоогүй хэрэг үү.

-Ер нь цэргийн албанд тиймэрхүү зүйл байж л байдаг. Шинэ цэргүүдийг ирсэн цагаас нь хойш янз бүрээр л “дэглэнэ”. Эргэлтээр ирсэн зүйлсийг нь булаана. Суниалгана.  Хүнд дасгал хийлгэнэ. Ганц хоёр удаа “шанаа өгнө”. Би ч гэсэн анх ирэхдээ хал цэргүүдээр дэглүүлж л байсан. Манай ротын залуу хүртэл араагаа бутартал цохиулж байсан. Энэ мэт дэглэлт байдаг болохоор хал цэргүүд ч сүүлдээ тоохоо больчихдог. Байдаг л зүйл гэж хардаг. Харин шинэ цэргүүд эсэргүүцэж, урдаас үг хэлбэл, жинхэнэ “араандаа” зууна. Тиймээс ихэнх нь дуугүй хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

-Та анх цэргийн албанд орохдоо бас л дэглүүлж байсан юм байна. Ангийн захирагч гэх мэт дээд албан тушаалтнууддаа энэ талаар мэдэгдэж, зохих арга хэмжээг авахуулах талаар бодож байгаагүй юү?

-Ер нь ангийн захирагч, удирдлагуудад мэдэгдвэл бүгд л ад үзээд хэцүү. Тэрний оронд жаахан л шүд зуугаад тэвчсэн нь дээр гэж үздэг. Эр хүний хувьд матах, хов зөөх нь байж болохгүй зүйл гэж үздэг учраас. Халууд шинэ цэргүүдээ дэглэнэ. Цохино. Зарим нь элдвээр хэлнэ. Гэхдээ учир зүггүй шинэ цэргүүдийг барьж аваад зодоод байдаггүй. Үүнийг хүмүүс зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна. Нөгөөтээгүүр хал цэргүүд анх ирэхдээ бас дэглүүлсэн л байдаг. Зарим нь “цэргийн албанд ийм зүйл байх” гээд мартдаг бол зарим нь “тэр зовлонгоо “шинэковуудад” ч гэсэн мэдрүүлнэ” гэж зүтгэдэг. Тиймээс ийм явдал болж байгаа юм.

-ДЭГЛЭЛТИЙГ АРМИД БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗДЭГ УЧРААС
НОЦТОЙ БИШ Л БОЛ ДУУГҮЙ ӨНГӨРӨӨДӨГ-

-Бичлэг хийсэн залуус ер нь өөр шинэ цэргүүдийг тэгж, дарамталж байсан уу.

-Тийм ээ. Халууд байсан цагт дэглэлт байж л байдаг. Гэхдээ тэр залуус арай л болчимгүй үйлдэл хийсэн гэж харж байна.

-Тухайн бичлэгийг гар утсаар хийсэн байсан. Цэргийн ангид гар утас оруулах хориотой биз дээ?

-Мэдээж хориотой байлгүй яахав. Ангийн захирагч, ротын дарга нар тиймэрхүү зүйл дээр хяналт, шалгалт хийдэг. Утас байхгүй байхад хүртэл “гаргаад ир” гэдэг. Миний бодлоор бичлэг хийсэн халууд маань гэрээсээ нууцаар авчруулсан байх. Яахав зарим цэрэг товчлууртай, зөвхөн мессеж бичиж, утсаар ярьдаг гар утас нуугаад оруулаад ирчихсэн л байдаг. Гэхдээ хааяа нэг гэрийнхэнтэйгээ ярихдаа л ашигладаг. Яг бичлэг хийж байх үед нь ангийн захирагч, ротын дарга нар мэдсэн бол ротоороо хатуу шийтгүүлэх байсан байх.

-Цэргүүд бие биенийгээ дээрэлхэж, дэглэж байгааг ер нь ангийн захирагч, ротын дарга нар мэддэг үү.

-Тэд нар ч гэсэн цэргийн алба хаасан хүмүүс. Тэр болгоныг туулсан л байж таараа.  Хал цэргүүд тодорхой хэмжээнд дэг үзүүлж л байдаг. Гэхдээ ихэвчлэн бага дарга нар шинэ цэргүүдэд юм заах үүднээс дарамт үзүүлдэг байсан. Тэр болгоныг армид байх ёстой зүйл л гэж хардаг учраас ноцтой биш л бол дуугүй өнгөрөөдөг. Гэхдээ дарга нарынхаа хажууд илт дээрэлхэж, дэглээд байдаггүй.

-Бичлэгийг хийсэн залуусд Зэвсэгт хүчин жанжин штабаас хариуцлага тооцож, уучлалт гуйлгана гэж байсан. Бичлэгийг яагаад олон нийтийн сүлжээнд тавьсан юм бол. Та энэ талаар мэдэж байна уу.

-Бичлэг хийсэн М гар утсаа алдчихсан гэсэн. Тэрнээс биш өөрсдийнхөө царай орсон бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавихгүй байх.

-Та дээрэлхүүлсэн цэрэг манай найзын нутгийн дүү гэж хэлсэн. Тэр явдлаас хойш тухайн цэргүүдийг дахиж дэглэсэн үү. Сэтгэл санаа нь хэр байсан юм бол.

-Ер нь халууд халагдах хүртэл дэглэлт тодорхой хэмжээгээр байж л байдаг. Бичлэг хийснээс хойш хэдэн өдрийн дараа бид хэд хамт дасгал хийсэн. Тэр үед инээж, хөөрөөд зүгээр л байсан. Ихэнх шинэ цэрэг дэглүүлдэг учраас тоохоо больчихдог.

-Энэ бичлэг цацагдсанаас хойш нэлээдгүй иргэн “хүүхдээ цэргийн албанд явуулахаас айж байна” гэсэн байр суурийг нийгмийн сүлжээнд илэрхийлээд байна. Та цэргийн алба хаасан хүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна. Таны хувьд цэргийн алба хаасандаа харамсаж байсан удаа бий юү.  

-032 дугаар анги бол Монгол улсын нүүр царай болсон анги. Хангамж ч сайн. Зөвхөн 032 дугаар ангид гэлтгүй бүх цэргийн ангид тодорхой хэмжээний дэглэлт байдаг л байх. Бичлэг хийсэн залуусын хувьд ёс суртхуунгүй байсан нь үнэн. Дээр хэлсэнчлэн шинэ цэргүүдэд юм зааж өгөх үүднээс, дасгал хийлгэдэг ч гэдэг юм уу өөрт нь ямар нэгэн байдлаар биеийн болон сэтгэл зүйн дарамт өгөхгүй байвал тэр зөв дэглэлт болох байх.

Харин элдвээр харааж, уйлуулж бичлэг хийж, бүр бах таваа хангаж инээж байгаа нь ёс суртахуунгүй юм. Хэдэн болчимгүй залуугаас болж ангийн нэр хүнд унаж байгаад харамсалтай байна. Цэргийн алба гэдэг чи хаанаас ч ирсэн бай, хэний ч хүүхэд бай бусадтай адилхан хувцас өмсөж, адилхан хоол идэхээс эхэлдэг. Тэнд УИХ-ын гишүүний хүүхэд ч бай, зах дээр тэрэг түрдэг хүний хүүхэд ч бай бүгд адилхан. Цэрэгт нутаг нутгаас ирсэн, өөр өөр амьдралтай залуус жинхэнэ хүн болж төлөвшиж анд нөхөд бололцдог. Тиймээс би хэзээ ч харамсаж байгаагүй. Уулын мод урттай богинотой гэдэг шиг ганц хоёр залуугийн болчимгүй үйлдлээс болж бүх армийн нэр хүнд бүү сэвтээсэй гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.