Туул гол руу үнс зайлуулсан усаа асгаж байсан ДЦС-III-т Зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ

Туул гол руу үнс зайлуулсан усаа асгаж байсан ДЦС-III-т Зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ

Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд шугам хоолойгоор бохир ус хаяж байна гэсэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр газар дээр очиж хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд "ДЦС-III" ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсан нь тогтоогдсон. Тиймээс тус үйлдлийг газар дээр нь таслан зогсоож, малын сэг зэмийг халдваргүйжүүлж устгалын арга хэмжээг авч, Туул голын далан давуулан хаяж буй үнс зайлуулсан ус болон хөрснөөс дээж авч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид дээжүүдийг өгөөд байсан юм. Мөн шинжилгээний хариу гарсны дараа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллана гэж мэдэгдэж байсан.

Тэгвэл тус байгууллагад Зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна.

  • Энэ нь “Усны тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх /Ус бохирдуулагч нь ослын улмаас хаягдал усыг цэвэрлэхгүйгээр хаях болсон тохиолдолд Сав газрын захиргаа, зохих шатны Засаг даргад цаг алдалгүй мэдэгдэж, усны бохирдлыг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг өөрийн зардлаар хийнэ./ заалт,
  • Тунгаагдсан усны сан дүүрснээс дренажийн шугамын халих хоолойгоор цэвэрлэгдсэн бохир усыг зайлуулах талаар зөвшөөрөл аваагүй, цэг тогтоолголгүйгээр Туул голын сав газарт усыг шууд  зайлуулж байгаа нь “Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх / Усны сан бүхий газарт цацраг идэвхит болон химийн хорт бодис, халдвар үүсгэгч, хог хаягдал, бохир ус хаях, хадгалах, машин техник бохир зүйлс угаахыг хориглоно/ заалтыг зөрчсөн байна.