Б.Болдсайхан: Хүүхдийн зүрхний хагалгааг ЭМД-аас бүрэн даадаг болсонд маш их баяртай байна

Б.Болдсайхан: Хүүхдийн зүрхний хагалгааг ЭМД-аас бүрэн даадаг болсонд маш их баяртай байна

“Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоол өчигдрөөс /2021.03.02/ хэрэгжиж эхэлсэн.  Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар “Сонгдо” эмнэлгийн Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор Б.Болдсайханд батламж гардууллаа.

Энэ нь хүүхдийн зүрхний мэс заслыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлж эхэлж буйг батламжилсныг илэрхийлж байгаа юм. 

Энэ үеэр "Сонгдо" эмнэлгийн Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, Б.Болдсайхан "1990 оноос хойш гарч байгаа хамгийн том өөрчлөлт бол энэ юм. Өнөөдрөөс гүйцэтгэлээр хувь, хувьсгалынх ялгаа байхгүй санхүүжээд явна. “Зүрх мартахгүй” төсөл бол нэг жишээ болж байна. Маш олон амбулаторийн үйлчилгээ, өртөг өндөр шинжилгээ, хагалгаа Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжнэ. Энэ шинэчлэл хэрэгжсэнээр дөрвөн жилийн дараа бид эрүүл мэндийн салбараа танихааргүй болно. Үүний жишээ болгоод манай эмнэлгийг сонгож ирсэнд баяртай байна. Өмнө нь Эрүүл мэндийн даатгалаас хүүхдийн зүрхний хагалгаанд нэг ч төгрөг өгдөггүй байсан. Одоо бараг бүрэн даадаг болсонд хүүхдүүдийнхээ өмнөөс, эрүүл мэндийн салбарын өмнөөс маш их баярлалаа гэж хэлмээр байна. “Зүрх мартахгүй” төсөл өнөөдөр 99 дэх хагалгаагаа хийлээ. Маргааш 100 дахь хагалгаагаа хийнэ. Монголд хүүхдийн зүрхний хагалгаа зогсоод байсан. Бид үүнийг олж хараад “Зүрх мартахгүй” төслийг санаачилсан. Жилд 300-350 хагалгаа хийж байж Монгол Улс ядаж энэ өвчнөөр гадагшаа явж эмчлүүлэх шаардлагагүй болно.

Сүүлийн үед 100 хүүхэд тутмын нэг нь төрөлхийн зүрхний гажигтай төрж байна. Тэгэхээр жилд манай улсад 500-600 хүүхэд зүрхний гажигтай төрж байна. Үүний 80-85 хувь нь бидний өдөр тутамд хийдэг хагалгаа, 15 хувь нь аль ч улсад хийхэд хүнд гажиг байдаг. Даатгал өөрчлөгдөөд ирэхээр бүр жижиг, хэцүү, хүнд хавсарсан гажгуудыг эрт оношлож, эмчлэхийн төлөө явна. Дэлхийн аль нэг оронд хийж байгаа хагалгаа л бол бид хийхийн төлөө зорино" гэв.