ИРГЭН: “Аавыгаа зарна” гэсэн зар тавьсан нь үнэн

ИРГЭН: “Аавыгаа зарна” гэсэн зар тавьсан нь үнэн

Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд хүний эрхийг зөрчсөн, хүн худалдаалах гэмт хэрэг байж болзошгүй хууль бус зар, мэдээлэл гарах болсон. Тухайлбал, өнгөрсөн намар “бага насны хүүхдээ өргүүлнэ” гэсэн зурагт мэдээлэл бүхий хэд хэдэн зар тавигдаж, тус үйлдлийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоож, зар тавьсан иргэдэд холбогдох хуулийн арга хэмжээг авч байсан юм. 

Тэгвэл өчигдөр цахим орчинд “Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна, элдэв өвчингүй” гэсэн утгатай зар мэдээлэл нийтлэгдэж, олон нийтийг цочирдуулаад байна. 

Энэхүү зар нь өдөр тутам хэвлэгддэг “Шуурхай *****” (“Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулиар хориглосон байдаг тул тухайн сонины нэрийг бүтэн нийтлээгүй болно) гэх сонины өчигдрийн дугаарын хамгийн арын нүүрэнд хэвлэгдсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Бид тус зар дээрх утасны дугаар руу залгаж, тус зар үнэн эсэхийг тодруулахад 40 орчим насны эрэгтэй хүн утсаа авсан юм. Ингээд бидний дунд дараах яриа болов.

-Сайн байна уу, сонинд зар тавьсан дугаар мөн үү?

-Тийм байна.

-Аавыгаа зарна гэсэн зар тавьсан байсан, үнэн юм уу?

-Үнээн, үнэн. Авах юмуу, авахгүй юмуу.

-Уучлаарай, яагаад ийм зар тавьж байгаа юм бол?

-Хувийн шалтгаан гараад, асарч чадахгүй болсон гээд бичсэн байгаа шд. Чи зар хараад ярьж байгаа юм уу.

-Тийм ээ, хэдэн настай хүн бэ?

-70 гарсан хүн. 

Тэрээр ийнхүү хэлээд, утсаа таслахдаа “ядаргаатай юм, авахгүй байж залгаад” гэж хэлсэн нь сонсогдож байв.  

Энэхүү зар үнэн аль эсвэл худлаа байсан ч нийгэмд огт байж болохгүй, хууль бус үйлдэл юм. Тэр тусмаа зарын сонин дээр үнэ хөлсийг нь тодорхой бичиж тавьсан нь иргэдийг ихээхэн цочирдуулаад байгаа юм. Иргэн бүр төрүүлж, өсгөсөн эцэг, эхээ ачлах үүрэгтэй бөгөөд зайлшгүй тохиолдолд хуулийн дагуу өндөр настнуудын асрамжийн газарт аваачиж өгдөг. Харин бараа, таваар шиг зарын сонинд “аав зарна” хэмээн бичсэн нь хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй үйлдэл болж байгаа юм. 

Тухайн иргэний тавьсан зар нь “Хүн худалдаалах гэмт хэрэг”-т хамаарч болзошгүй бөгөөд, энэ үйлдэл нь эрүүгийн хариуцлагатай. Мөн хүн худалдаалах гэмт хэргийн талаар зар сурталчилгаа, мэдээлэл тараахыг хуулиар хориглодог.  Тухайлбал, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн  8.1.3 –д “хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэхүйц бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбоо, цахим сүлжээ ашигласан ил буюу далд зар сурталчилгаа” явуулахыг хориглоно гэж заажээ.