Х.Баттулга, У.Хүрэлсүхийн нарын хэн ч сонгогдсон Ерөнхийлөгчийн засаглалтай болох магадлалтай

Х.Баттулга, У.Хүрэлсүхийн нарын хэн ч сонгогдсон Ерөнхийлөгчийн засаглалтай болох магадлалтай

Энэ жилийн сонгуулиас эхлэн Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаатай сонгодог болж буй. Тодруулбал, Үндсэн хуулийн 30.2 –д “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заажээ.

Харин “МАН, МАХН нэгдэж 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор бэлтгэж байна гэх мэдээллийг баталж байна уу” гэлтэй У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нар хамтдаа Сүхбаатар жанжны хөшөөнд даваа гарагт /2021.03.01/ хүндэтгэл үзүүлж цэцэг өргөв. Товчхондоо, МАН-ын 100 жилийн ойн баярын өдөр тэд олны өмнө хамт гарсан нь хоёр намын нэгдэл эрчимжиж эхэлснийг харуулж байгаа юм. 

-“ЗАСГИЙН ГАЗРЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ УДИРДДАГ БОЛНО” ГЭХ У.ХҮРЭЛСҮХИЙН ҮГИЙГ Н.ЭНХБАЯР ДАМЖУУЛЖ БАЙНА УУ-

Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд энэхүү нэгдлээрээ хүү Э.Батшугарыгаа Сонгино хайрхан дүүрэгт буюу УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхийг шаардаж байгаа бол нөгөөтэйгүүр “таван өөрчлөлтийг хамтран хийхийн тулд МАН, МАХН нэгдэхийг уриалсан” гэж буй.  

Тэдний хамтран хийх таван өөрчлөлтөд:

  1. Газрын доорх баялгийг ард түмний санал асуулгаар шийдэж, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төр 100 хувь хариуцдаг болох,
  2. Хоёр танхимтай парламенттай болох,
  3. Засгийн газрыг Ерөнхийлөгч удирддаг болох,
  4. Шүүгчдийг ард түмнээс сонгодог болох,
  5. Хүний эрхийн үндэсний хорооны гишүүдийг ард түмнээс сонгодог болох.  

Харин эдгээр таван өөрчлөлтөөс “Засгийн газрыг Ерөнхийлөгч удирддаг болох” гэх заалт анхаарал татаж байна. Үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяраар хэлүүлж, нийгмийн сэтгэл зүйг бэлдэх гэсэн У.Хүрэлсүхийн төлөвлөгөө юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдад эрх мэдэл төвлөрсөн, цаашлаад АТГ-ын удирдлага, аймаг дүүргийн засаг дарга нарыг томилдог болсон зэрэг нь “хэт их эрх мэдэл төвлөрч” байгаа харагдах боловч Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч томилдог болгоно гэж Үндсэн хуулинд өөрчлөлт ороход л манай улсын засаглал солигдож, Ерөнхийлөгчийн засаглалд шилжинэ гэж Э.Бат-Үүл нарын улс төрчид сануулж буй. 

-Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ ХОЁРЫН ДУНДЫН ХУВИЛБАР БАЙВ УУ-

Нөгөө талд Х.Баттулга дэвшээд, Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа гэхэд Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих магадлалтай. Учир нь тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх явцад “Ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэхийг ард түмнээсээ асууя” гэх саналыг гаргаж, ил уриалж явсан удаатай. Цаашлаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэх зөвлөлдөх байгууллагад хэт их эрх мэдлийг төвлөрүүлж стратегийн чухал ач холбогдолтой ордын асуудлаар хэд, хэдэн удаа шийдвэр гаргасан нь ч үүнд хамаатай. Үүнээс үзвэл Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хэн ч Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглал руу шилжиж магадгүй юм. 

Гэтэл нэг хүний засаглалтай ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний дунд оршдог Монголд парламентын засаглал нь хамгийн сонгодог хувилбар, аюулгүй байдлын баталгаа гэж судлаачид үздэг. 

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр харилцаатай байж болзошгүй Л.Оюун-Эрдэнийг МАН-ын удирдлагууд яагаад Ерөнхий сайдад томилов гэх асуулт нийгэмд гараад байсан юм. Энэ нь дээрх эрхмүүдийн нэг нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ тэдний хэнтэй ч ойлголцож, зөрчилдөөд байхгүй үүрэг даалгаврыг нь биелүүлээд явах талтай тул хоёр талын дэмжлэгтэй тус албан тушаалд томилсон байх магадлалтай юм. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө