С.Амарсайхан: A, B, C бүсчлэлд хуваах асуудалд иргэдээс дахин санал асуулга авах хэрэгтэй

С.Амарсайхан: A, B, C бүсчлэлд хуваах асуудалд иргэдээс дахин санал асуулга авах хэрэгтэй

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” хэлэлцжээ. 

Уг төслийг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Энхтөр болон холбогдох албаныхан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өмнөх хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн юм.

Харин энэ талаар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ, “Энэ бүсчлэлд хуваах ажил цаг үеийн шаардлагадаа нийцсэн, хүмүүсийн ухамсар, хариуцлагатай уялдсан үр дүн гарахуйц байх ёстой. Харамсалтай нь бид нэг алдаа гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхэд ямар ач холбогдол, хэрэгжүүлэхгүй бол ямар хохиролтой юм гэдгийг иргэдэд ойлгуулах мэдээ мэдээллээ сайн түгээгээгүй. Иргэдийн дунд буруу ташаа ойлголт маш их байна. Наймдугаар сарын 15 хүртэл хэд хэдэн хувилбараар санал асуулга явуул. Ингээгүйгээс болж та бүхний мэдээлсэн мэдээлэл замын түгжрэлийг шийдэх бус торгууль хураах ажил болж олон нийтэд харагдаад байна.

Бүсчлэлийн ажилд буруудах ажил нэг ч байхгүй. Иргэдэдээ зөв ойлгуулах тал дээр анхаарч ажилла. Наймдугаар сарын 15-ны дотор энэ асуудлыг шийдсэн байхаар яаралтай ажилдаа ор. Иргэдийн дунд хэвлэл мэдээллийн бүх салбараар санал асуулга явуул. Долоо хоногийн дараа ямар ажлууд зохион байгуулсан тухай эргээд танилцуулаарай” хэмээжээ.