Түүхийн дурсгалыг устгасантай холбоотойгоор “Рио Тинто”-ийн ТУЗ-ийн дарга огцрохоо мэдэгдлээ

Түүхийн дурсгалыг устгасантай холбоотойгоор “Рио Тинто”-ийн ТУЗ-ийн дарга огцрохоо мэдэгдлээ

Өнгөрсөн онд “Рио Тинто” уул уурхайн компанийн Австрали дахь салбар олборлолт явуулахдаа нутгийн уугуул аборигенчуудын түүхийн дурсгалт газруудыг эдлэн сүйтгэж, иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулаад байсан билээ. Улмаар эртний аборигенчуудын суурьшилд анхаарал болгоомжгүй хандсан хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийг огцруулсан.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Саймон Томпсон үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгджээ. 2018 оноос хойш “Рио Тинто”-г удирдаж буй тэрбээр ирэх 2022 онд дахин сонгогдохгүйг тус компани мэдэгдэлдээ дурджээ.

Саймон Томпсон мэдэгдэлдээ “Би компанийн ТУЗ-ийн даргын хувьд гүнээ харамсаж байна. Алдаа дутагдлаа ухамсарлаж, хариуцлагаа хүлээх болно" гэж хэлсэн байна.

Тухайн газар нутгийг хамгаалдаг Пууту Кунти Куррама, Пиникура нар агуйг хамгаалж, олон жилийн турш тэмцсэн. Тус агуй нь нутгийн уугуул иргэдийн хувьд археологийн чухал ач холбогдолтой, соёлын үнэт өвд тооцогддог.

Тус компанийн шинэ Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм ажлаа хүлээн авахдаа "Нутгийн иргэд, Засгийн газар болон бусад харилцагч талуудтай харилцан итгэлцсэн түншлэл бий болгоход анхаарна" гэж мэдэгдээд буй. Уг мэдээллийн дараа Австралийн Хөрөнгийн биржид “Rio Tinto” компанийн хувьцааны ханш 1.78 хувиар өсч, 129.45 австрали доллар болсон юм.

Эх сурвалж: CNN