“Аав зарна” гэх зарыг нийтэлсэн “Шуурхай сонин”-г 5 сая төгрөгөөр торгохоор болжээ

“Аав зарна” гэх зарыг нийтэлсэн “Шуурхай сонин”-г 5 сая төгрөгөөр торгохоор болжээ

Энэ сарын 1-ний өдөр “Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна, элдэв өвчингүй” гэсэн утгатай зар мэдээлэл нийтлэгдэж, олон нийтийг ихээхэн цочирдуулсан.

Тус мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн алба хаагчид ажиллаж тухайн зарыг тавьсан иргэдийг олж тогтоосон бөгөөд энэхүү зарыг “Кино контент хийхээр байршуулсан” хэмээн мэдүүлэг, тайлбар өгчээ. Мөн энэхүү зар нь реклам, зар сурталчилгааны тухай хуулийг ноцтой зөрчсөн хэмээн ШӨХТГ-аас шалгаж байсан юм.

Тэгвэл анх тус зарыг нийтэлсэн Шуурхай зар гэх сониныг Зар сурталчилгааны тухай хууль зөрчсөн хэмээн үзэж 5,000,000 төгрөгөөр торгох шийдвэрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргасан байна. Мөн уг киног олон нийтэд түгээх эсэх асуудлаар Соёлын яаманд хандахаар болжээ.

Зар сурталчилгааны тухай хуулийн 6.5.7 –д “айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг хориглоно” гэж заасан байдаг. Мөн хуулийн 7.1 –д “Хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна” гэж заажээ.