ТЕХНОЛОГИ: Дэлхийн хамгийн анхны дуунаас хурдан, тагнуулын зориулалттай дроныг зохион бүтээжээ

ТЕХНОЛОГИ: Дэлхийн хамгийн анхны дуунаас хурдан, тагнуулын зориулалттай дроныг зохион бүтээжээ

Дэлхийн хамгийн анхны дуунаас хурдан нисгэгчгүй дроныг зохион бүтээсэн “Kelley Aerospace” компани дроныхоо хурдыг 1500 миллээс дээш болгож өсгөсөн талаараа мэдээлжээ. Тус дрон нь тагнуул болон байлдааны зориулалттай бөгөөд одоогоор 100 гаруй захиалгыг хүлээн аваад байна. Дроны үнэ нь ойролцоогоор 9-16 сая доллар байх гэнэ. Өнгөрсөн лхагва гарагт тус дроны туршилтыг хийж үзсэн ба дрон гэхээсээ илүү сансрын жижигхэн хөлөг шиг харагдаж байгааг хүмүүс онцолсон байна.

-ТУС ДРОН НЬ БАРАГ ДУУ ЧИМЭЭГҮЙ УЧИР ТАГНУУЛЫН ЗОРИУЛАЛТААР БУЮУ ГЭМТ БҮЛЭГЛЭЛҮҮДИЙГ ОЛЖ ТОГТООХОД ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ГЭВ-

Сингапурын “Kelley Aerospace” компани тус нисгэгчгүй дроныг өөр үүрэг даалгавар бүхий тоног, төхөөрөмж, зэвсгийн иж бүрдлээр хянах бүрэн боломжтой гэж мэдэгдсэн бөгөөд хоёр хянагч станцтай аж. Тиймээс зохион бүтээгчид нь “Arrow” нэртэй дроныг тандалт, зорилтот бүлэглэл, тагнуулын ажилд илүүтэй ашиглах нь тохиромжтой гэж тайлбарлаж байна.

Харин ”Kelley Aerospace” компанийн гүйцэтгэх захирал Ян Лим хэлэхдээ, бидний бүтээсэн дрон хурд болон хүчээрээ бусдаас илүү байх болно. Тэр маш хурдтайгаар олон мянган км замыг даван туулж чадна гэж мэдэгджээ. Мөн тус компанийхан дуунаас хурдан тийрэлтэт онгоц бүтээхээр эрэлхийлж эхэлсэн бөгөөд онгоцны хоёр эх загварыг АНУ, Шведэд туршиж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд байлдагч талууд дайсны газар дээрх байнуудыг устгахын тулд нисгэгчгүй төхөөрөмжүүдийг өргөн ашиглаж байгаа нь өнөө үед байлдааны ажиллагаа явуулах арга тактик эрс өөрчлөгдсөнийг харуулах болсон. Тэр дундаа дроны үүрэг, гүйцэтгэх чадвар хамгийн чухал үүрэгтэй байх болсон юм. Тухайлбал өнгөрсөн намар дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан Уулын Карабахад болж буй зэвсэгт мөргөлдөөнийг цэргийн шинжээчид “дронуудын дайн” гэж нэрлэж байсан юм.

-ОЙРЫН ИРЭЭДҮЙД ДЭГДЭЖ БОЛЗОШГҮЙ ДЭЛХИЙ НИЙТИЙН ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНД ДРОНУУД ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ ГЭЖ ЦЭРГИЙН ШИНЖЭЭЧИД ҮЗЭЖ БАЙНА-

Цэрэг зэвсгийн хүчээр ойролцоо хоёр улс дэлхийн түүхэнд анх удаа нисгэгчгүй онгоцуудыг байлдааны ажиллагаанд өргөнөөр хэрэглэснийг харвал, ойрын ирээдүйд дэгдэж болзошгүй зэвсэгт мөргөлдөөнд дронууд чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой болж байна гэж шинжээчид үзэх болсон. Агаарын орон зайд дронууд давамгайлснаар эсрэг талын хамгаалалтыг сэтэлж, дайсны пуужин харвах төхөөрөмжүүд, танк, хуягт техникүүдийг устгах төдийгүй давшилтын ажиллагааг дэмжих боломжтой болно. Ирээдүйд зургаан байлдааны онгоц агаарт хөөрлөө гэж бодоход, тэдгээрийн хоёр нь л нисгэгчтэй онгоц, бусад нь дронууд байх болно гэж цэргийн шинжээчид таамаглаж эхэлжээ.

Үүнээс гадна дроны хамгийн том давуу тал бол хямд үнэ бөгөөд Arrow” нэртэй дрон ч 9-16 сая долларын үнэтэй байгаа нь харьцангуй хямд үнэ болохыг зохион бүтээгчид онцолж байсан юм.

Тухайлбал, хамгийн үнэтэйд тооцогддог Израилийн “Hermes” гэдэг цохилтын дрон 20 орчим сая доллар бол тагнуулын “Orbiter 2M” нисгэгчгүй төхөөрөмжийн үнэ нь 600 мянга орчим доллар. Хамгийн хямд дрон болох Израилийн “Heron” 100 мянган долларын үнэтэй байдаг аж.

Дроныг тусгай төрлийн будгаар будсан холимог материалууд, хуванцраар хийдэг ба овор хэмжээ багатай бензин ба цахилгаан хөдөлгүүрүүд нь дулаан, чимээ бараг ялгаруулдаггүй, радарын антениас цацруулж буй долгионыг тун багаар буцаан ойлгодог учраас тэдгээрийг илрүүлэн устгахад хэцүү байдгийг цэргийн шинжээчид тайлбарлажээ.

Эх сурвалж: Unilad