Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас З.Энхболд нэр дэвшвэл, ХҮН-аас Ц.Оюунгэрэл өрсөлдөх үү

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас З.Энхболд нэр дэвшвэл, ХҮН-аас Ц.Оюунгэрэл өрсөлдөх үү

Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан эрхэм 6 жилийн бүрэн эрхийн хугацаатай, зөвхөн нэг удаа буюу дахиж тус сонгуульд нэр дэвшихгүй байхаар Үндсэн хуулинд заасан. Тэгвэл 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай МАН, АН, МАХН, ХҮН гэсэн дөрвөн улс төрийн хүчин оролцоно. 

-АН-ААС Х.БАТТУЛГА, З.ЭНХБОЛД, Ц.ОЮУНГЭРЭЛ НАРЫН НЭГ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ДЭВШИЖ МАГАДГҮЙ-

Тодруулбал, ирэх тавдугаар сард сурталчилгаа нь эхэлж, зургадугаар сарын 09-ны өдөр санал хураалт нь болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, АН-аас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын аль нэг нь дэвших тухай яригдаж байна.  Мөн Ерөнхий сайд асан Р.Амаржаргалд ч “боломж олдвол АН-аас тус сонгуульд өрсөлдөнө” гэсэн горьдлого байхыг үгүйсгэхгүй. Харин тус сонгуульд МАХН, МАН-тай нэгдэж юм уу, хамтарч оролцож болзошгүй байна. Харин тус хамтрал талаар болбол МАХН-аас С.Ганбаатар МАН-ын саналыг задлах зорилготой оролцож магадгүй. Ингэхийн тулд МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-тай тохиролцоо хийнэ гэсэн үг. 

ХҮН-ын уулзалтад Ц.Оюунгэрэл 2021.03.04

-АН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙН СУНГААНД БҮДЭРВЭЛ Ц.ОЮУНГЭРЭЛ ХҮН-ААС ӨРСӨЛДӨХ ҮҮ-

Харин  УИХ-д анх удаа суудал авч, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж буй Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ “Ерөнхийлөгчөө захиалъя” гэх санал асуулгыг явуулж буй. Хачирхалтай нь, өнгөндөө “ард түмэн Ерөнхийлөгч захиалж байна” гэж мэдэгдэх боловч, тус судалгааны үр дүн нь нууц, ямар хүмүүсийг Ерөнхийлөгчийн сонгуульд иргэд санал болгож байгаа нь тодорхойгүй байгаа юм. 

Товчхондоо, санал асуулгын үр дүн нь “нууц” байна гэдэг нь ард иргэдийн сонголт гэсэн үгээр халхавчлаад “хэн нэгнийг тулгаж” магадгүй юм. 

Тэгвэл “Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас дэвших өрсөлдөөн оролцоно” гэж анх мэдэгдсэн Ц.Оюунгэрэл ХҮН-ын уулзалт, хэлэлцүүлэгт оролцох болсон байна. Тодруулбал, тэрээр тус уулзалтын үеэр “би Баттулгын хүн бишээ, харин багийн тоглогчийн хувиар сонгуульд нь хувиасаа зардлаа гаргаж бүх аймгаар ажилласан” гэж хариулжээ. Иймд түүний энэхүү үйлдлийг “Ц.Оюунгэрэл АН-ын дарга болон тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах дотоод сунгаанд амжилт үзүүлэхгүй бол ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ хангаж байж болзошгүй” гэж хардаж болох юм. 

-ХҮН-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ОРОЛЦОЖ, АН-ЫН НЭР ДЭВШИГЧИЙН САНАЛЫГ ХУВААХ УУ-

Учир нь 2020 оны тавдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхэлсэн Үндсэн хууль /ҮХ/-ийн 30.2 дугаар заалтын дагуу Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал, түүний оронд УИХ-ын дарга асан З.Энхболд нэр дэвших магадлал өндөр байгаа юм. Тодруулбал, ХҮН-аас УИХ-д сонгогдсон Т.Доржханд “одоогийн Ерөнхийлөгч болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй” гэж Цэцэд гомдол гаргаад байгаа. 

Сонирхуулахад, ҮХ-ийн 30.2 –д “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. Энэ заалт 2020 оны тавдугаар сарын 25 ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын дарга болоход тал бүрийн дэмжлэгтэй байгаа гэх мэдээлэл байна. Иймд ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гол зорилго нь АН-аас нэр дэвшигчийн саналыг хуваах байж болно. 




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө