Завханд батлагдсан хоёр тохиолдлыг өнөөдөр ХӨСҮТ-рүү газраар зөөвөрлөж байна

Завханд батлагдсан хоёр тохиолдлыг өнөөдөр ХӨСҮТ-рүү газраар зөөвөрлөж байна

Завхан аймгийн Шилүүстэй суманд батлагдсан халдвартай хоёр иргэнийг өнөөдөр халдварт өвчин судлалын үндэсний төв рүү газраар тээвэрлэлээ гэж аймгийн Шуурхай штабаас мэдээллээ. Өнөөдөр Шилүүстэй суманд аймгаас Шуурхай арга хэмжээний багууд, ХӨСҮТ-өөс таван хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь очиж ажиллаж байгаа аж.

Тус хоёр иргэний ойрын хавьтал болсон зургаан иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт шилжүүлэн хяналтад авахаар шийдвэрлэжээ. Халдвар авсан иргэдийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй байгаа бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг ойрын хавьтлын иргэдийг хүлээж авах бэлэн байдлыг бүрэн хангаад байна.

Мөн Шилүүстэй суманд дам хавьтлын 80 гаруй иргэнийг гэрт нь тусгаарлан ажиглаж байгаа бөгөөд халдвартай хоёр иргэн болон ойрын хавьтлын иргэдийг тээвэрлэсний дараа сумын Зоонозын өвчин судлалын төвөөс дахин ариутгал халдваргүйтгэл хийхээр болжээ.

Эх сурвалж: Завхан аймгийн онцгой комисс