“Аав зарна” гэх зар гаргасан залуусыг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “уучилъя” гээд өнгөрөөж буйгаа мэдэгдэв

“Аав зарна” гэх зар гаргасан залуусыг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “уучилъя” гээд өнгөрөөж буйгаа мэдэгдэв

Хэд хоногийн өмнө “Шуурхай зар” сонинд “Аав зарна, элдэв хууч өвчингүй” гэх зар нийтлэгдсэн нь олон нийтийг цочроогоод байсан. Иймд тус мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгалт хийхэд “хэсэг залуус удахгүй гарах киногоо хүмүүст танилцуулах гэж ийм зар сурталчилгаа хийсэн” нь тогтоогдоод буй. 

Тэгвэл эдгээр залуус зар сурталчилгааны тухай хууль, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль зэрэг хуулийг ноцтой зөрчөөд байгаа юм.  Тухайлбал, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 -д “хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэхүйц бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбоо, цахим сүлжээ ашигласан ил буюу далд зар сурталчилгаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг.

Тэгвэл өнөөдөр /2021.03.05/ ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Уг киног олон нийтэд түгээх эсэх асуудлаар Соёлын яаманд хандана” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. Мөн тус залуустай уулзахдаа зарим торгуулийн арга хэмжээг тэдэнд авна гэдгээ мэдэгдсэн.

Гэтэл илт хууль зөрчсөн үйлдлийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нэг удаадаа уучилъя гээд зүгээр өнгөрөөж байгаа бололтой. 

Учир нь ШӨХТГ-аас "Аав зарна" гэх зарыг нийтлүүлсэн Oi Entertainment уран бүтээлчдийг агентлагийн дарга Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. Дахин ийм алдаа гаргахгүй, хуулийг мөрдөж ажиллахаа уран бүтээлчид илэрхийллээ.  Нийгэмд сайн сайхныг түгээж, буруу бүхнээс хол байхыг залуучууддаа уриалаарай гээд  сануулга өгч, торгуулийн арга хэмжээ оногдуулсангүй гэж мэдэгдээд байна. Хачирхалтай нь хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой, харин төрийн нэрийн өмнөөс хууль биелүүлж байгаа агентлагийн дарга хууль зөрчсөн үйлдлийг “нэг удаадаа уучилъя” гээд өнгөрөөж байгаа нь өөрөө хууль зөрчиж байхыг үгүйсгэхгүй юм. Уучлалт үзүүлэхэд ч даргын сэтгэл хөдлөлөөр биш, түүнийг хуулиар зохицуулдаг гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэд сануулж байна.