Улз голын төслийг Оросын экологочид эсэргүүцэн, ЮНЕСКО-д хандахаар болжээ

Улз голын төслийг Оросын экологочид эсэргүүцэн, ЮНЕСКО-д хандахаар болжээ

Манай улс 100 гаруй жилийн турш ЗХУ болон Оросын үнэнч холбоотон байсаар ирсэн билээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд ОХУ бүх зүйл дээр манай улсыг өөрсдөөс нь хараат байлгахаар эрмэлзэж ирсэн гэдгийг түүхч, судлаачид тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэгвэл тус улсын экологочид манай улсын Улз гол дээр барьж буй далангийн асуудлаар ЮНЕСКО-д хандах болсон талаар Оросын chita.ru сайт мэдээлжээ. Учир нь тус даланг барьснаар Өвөр Байгалын Торейн нуурууд бүрэн ширгэх аюултай гэж тус улсын экологочид үзээд байна.

-УЛЗ ГОЛЫН ТӨСӨЛ НЬ ОХУ-ЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРУУДАД
ХОХИРОЛ УЧРУУЛНА ГЭЖ ҮЗЖЭЭ-

Тус нуурууд нь хуртай болон хуурай жилүүдээс хамаарч ус нь дүүрдэг бөгөөд энэ асуудлыг ОХУ болон Монголын Засгийн газар хоорондын хэлэлцэх асуудлуудын нэг болгохыг хүссэн байна. Тус далан нь "Улз голын урсацыг нэмэгдүүлэх Онон-Улз төсөл" гэсэн нэртэйгээр өнгөрсөн оны наймдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд БОАЖЯ-ны өгсөн мэдээллээр энэ төсөл нь Улз голын урсацыг нэмэгдүүлэх зорилготой юм. Улз гол нь Хэнтий болон Дорнод аймгийн хойд талын сумдууд болох Норовлин, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот нутгийг дамжин манай оронд 495 км урсдаг.

Цаашлаад энэхүү төсөл нь Улз гол дээр усан сан барьж урсцыг тохируулга хийх замаар Дашбалбар, Гурванзагал, Чулуун Хороот сумдын нутаг дах малчин айл өрхийн бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, экологийн тэнцвэртэй нөхцөлийг хангах, Хөх нуурын усны балансыг тогтвортой байлгах нэн чухал зорилготой аж.

Харин ОХУ-ын экологочид энэхүү төслийг эрс шүүмжлэн “Хилийн ус гэж тооцогддог Улз гол дээр 700 метр урт, 9-12 метр өндөртэй, ус хадгалах зорилготой далан барих гэж байгаагаа Монгол улс манай улсын талд мэдэгдээгүй.

Энэхүү далан баригдвал Оросын талаас Даурын  дархан цаазат газар, Өвөр Байгалын хязгаар дахь "Зээрийн хөндий" газрын зарим хэсэг, Монголын талаас "Монгол Дагуур" дархан цаазат газар багтдаг, ЮНЕСКО-ийн байгалийн өвд бүртгэгдсэн "Даурын ландшафт" -д ноцтой хохирол үзүүлнэ гэж эсэргүүцэж байгаа аж.

Мөн энэ талаар ОХУ-ын дархан цаазат газрын захирал Алексей Черепиц “Улз гол болон Торейскийн нууруудын байгаль орчинд усан байгууламж хэрхэн нөлөөлөх талаарх хоёр талын нөлөөллийн үнэлгээ явуулалгүйгээр хилийн ус болох Улз гол дээр далан барьж эхэлсэн. Түүнчлэн төслийг хэрэгжүүлвэл эдгээр нууруудын ус гантай жилүүдэд 39 хувиас багагүй хэмжээгээр багасна. Торейскийн нуурын хувьд энэ нь туйлын чухал, учир нь эдгээр нуурын ус 30 жилийн мөчлөгтэйгээр дүүрч, татарч байдаг. Эндээс үзэхэд дархан цаазат бүсэд төдийгүй түүний ойр орчмын нутаг дэвсгэр дэх экологийн нөхцөл байдалд аюул дагуулах нь гарцаагүй" гэж мэдэгдсэн байна. Тиймээс ЮНЕСКО-д хандан цаашлаад энэ асуудлаар хоёр улсын Засгийн газар ярилцаж, тус төслийг зогсоохыг хүссэн байна.

-ЭГИЙН ГОЛЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ТӨСЛИЙГ
МӨН Л ОХУ ЭСЭРГҮҮЦСЭЭР БАЙГАА ЮУ-

Манай үе үеийн Засгийн газар Эгийн голын усан цахилгаан станцын төслөө эхлүүлнэ хэмээн ярьснаас хойш 30 гаруй жил өнгөрчээ. Гэсэн ч жил бүрийн хэрэгжих төслүүдийн хүрээнд Эгийн голын цахилгаан станцын төсөл байсаар байдаг. “Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны ачааллын хэлбэлзлийг тохируулж, хэвийн найдвартай ажиллагааг хангах тохируулгын эх үүсвэрийг бий болгох зорилтын хүрээнд Эгийн голын 315 мВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станцын ажлыг эхлүүлнэ” хэмээн “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-т тусгасан ч Байгаль нуурын эко системтэй холбоотой асуудлаас болж, Оросуудын эсэргүүцэлтэй тулгарчээ. Тиймээс одоог хүртэл манай улс эрчим хүчнийхээ нөөцийн ихэнх хувийг тус улсаас авсаар байгаа юм.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө