Д.Мөнхзул: Харьяалалгүй гэж явуулсаар хугацаа алдан, дүү минь хорвоог орхиж, дөрвөн хүүхэд өнчирсөн

Д.Мөнхзул: Харьяалалгүй гэж явуулсаар хугацаа алдан, дүү минь хорвоог орхиж, дөрвөн хүүхэд өнчирсөн

Удаан хүлээсэн хүүдээ ангир уургаа хөхүүлнэ гэхээс бүсгүй догдолно. Гурван охин нь ээжийгээ дүүг нь тэврээд ороод ирнэ дээ гэж нүдээ ширгэтэл хүлээнэ. Гэвч...

СОНСОХ: 

2018 оны 11 дүгээр сарын 18. М бүсгүйн гэр бүл дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авахад нэг сарын л хугацаа үлдээд байж. Яагаад ч юм энэ удаа илүү ихээр догдолно. Учир нь гурван охины дараа энэ айлд удам залгах хүү төрөх гэж байлаа. 11 дүгээр сарын 19. Бүсгүйн шүд бага зэргийн хавдаж сэрэв. Өмнө нь шүд нь өвдөж байсан ч жирэмсэн учраас эмчилгээ хийлгэж чадаагүй явжээ. Хувийн эмнэлэгт үзүүлтэл “жирэмсэн хүнд эмчилгээ хийх боломжгүй” тул улсын эмнэлэгт очихыг зөвлөжээ.

Бүсгүй эмчийн зөвлөсний дагуу Нэгдүгээр төв эмнэлэгт үзүүлтэл, мөн л жирэмсэн учраас төрөх эмнэлэг очиж, “яаралтай жижиг мэс ажилбар хийлгэ” гэсэн байна. Харьяаллын дагуу Нэгдүгээр эмнэлэгт очив. Гэтэл “Та бүртгэлгүй байна” гэж хүлээж авсангүй. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв буюу олонхын хэлж заншсанаар Эх Нялхаст очив. Бас л хүлээж авсангүй. Эмнэлгээс эмнэлгийн хооронд явсаар бүсгүй туйлдаж арайхийн 22-ны өдөр хуучин харьяаллын дагуу Амгалан амаржих газарт мэс засал хийлгэжээ. Өглөө нь ургийн бие доголдсон тул хийсвэрээр төрж, энэ айлын хүсэн хүлээсэн хүү төржээ. Гэвч шинэ хүнээ хүлээн авсан баярт мэдээтэй зэрэгцэн “аянга ниргэх” шиг болж бүсгүй зургаан хоногийн дараа өвчнөө даалгүй хорвоог орхижээ.

Тодруулбал, шүдээ эмчлүүлэхгүй явсаар цаг алдаж, “Олон эрхтний дутмагшил”-аар бүсгүй “тэнгэрт дэвшжээ”.

Хэрэв тухайн үед эмч нар цаг алдалгүй бүсгүйд тусалсан бол өнөөдөр дөрвөн балчир хүүхэд ээж, аавтайгаа элэг бүтэн амьдрах байв. Бид талийгаачийн төрсөн эгч Д.Мөнхзултай болсон үйл явдлын талаар ярилцлаа.

Нэгдүгээр эмнэлгийн эмч М.Болдын үзлэгийн дараах дүгнэлт

-ЖИРЭМСНИЙ АМРАЛТАА АВАХ ХҮРТЛЭЭ ШИНЭ ХАЯГ ДЭЭРЭЭ ХЯНАЛТАД ОРЖ БАЙСАН АТАЛ ТӨРӨХ ЭМНЭЛЭГ ДЭЭР ОЧИХОД “ХАРЬЯАЛАЛГҮЙ” ГЭЭД ХҮЛЭЭЖ АВААГҮЙ-

-Юуны өмнө та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Тухайн үед болсон явдлаас яриагаа эхлүүлье.

-Дүүг маань М гэдэг. 1984 онд төрсөн. Жирэмсний 31-32 долоо хоногтой байхад нь шүд нь өвдөж, хацар нь хавдсан. Өмнө нь хааяа, хааяа даа өвддөг байсан ч жирэмсэн байсан тул эмчилгээ хийлгэж чадахгүй байсан юм. Шүд хавдсан өдрөө буюу 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хувийн эмнэлэгт охиноо дагуулаад очтол “Жирэмсэн хүнд хамаагүй эмчилгээ хийж болохгүй” гэж улсын эмнэлэгт очихыг зөвлөсөн байсан. Маргааш нь буюу 20-ны өдөр шүднийх нь хавдар буухгүй байсан учраас эмчийн зөвлөсний дагуу Нэгдүгээр эмнэлгийн Эрүү, нүүрний мэс засалд очиж үзүүлтэл “Яаралтайгаар жижиг мэс засал хийлгэж, идээлсэн хэсгийн цэвэрлүүлэхгүй бол болохгүй. Яаралтай эмнэлэгт хэвт” гэж хэлсэн. Дүү маань тухайн үед манай гэрийн харьяалалд бүртгэлтэй байсан. Бүр жирэмсэн болохоосоо өмнө хүүхдүүдээ сургуульд оруулахын тулд манай харьяалалд шилжээд ирчихсэн байсан юм. Харьяаллын дагуу Нэгдүгээр амаржих газарт эмчлүүлэх ёстой. Гэтэл тэр өдрөө Нэгдүгээр төрөхөд очтол “Таны бүртгэл мэдээллийн санд орж ирээгүй байна” гэж хэлээд буцаагаад явуулчихсан байсан. Аргаа бараад Эх Нялхас руу очтол бас л “манайх авахгүй” гэж буцаасан учраас Амгалан амаржих газарт 11 дүгээр сарын 20-ны өдөр хэвтэж өвчин намдаах эм зуусаар хоёр хоногийг өнгөрөөсөн.

-Дүү тань өмнө нь хаана харьяалалтай байсан юм бэ. Өмнөх харьяаллын дагуу аль эмнэлэгт үзүүлэх ёстой байсан юм бол?

-Өмнөх хаяг нь Налайхын харьяалалтай байсан. Нэгдүгээр төрөх, Эх нялхас хүлээж аваагүй тул Амгалан амаржих газарт хэвтсэн юм. Амгалан амаржих дүүг маань хүлээн авсан ч “эрүү нүүрний мэс заслын эмч байхгүй” гээд Эх нялхас руу түргэний тэргээр авч очсон. Гэвч Эх нялхас хүлээж аваагүй, хоёр дахиа буцаасан. Тэр шөнөдөө буюу 11 дүгээр сарын 22-ны өдөр Нэгдүгээр эмнэлгээс эрүү нүүрний мэс засалчийг ажил тарсных нь дараа дуудаж, ирүүлээд 20.00 цагийн үед хагалгаа хийж, яаралтай шинжилгээ авсан.

Хагалгааны дараа эмч “Энэ хүн унтуулгатай, сэхээнд ухаангүй байгаа болохоор та нар олуулаа цуглаад хэрэггүй” гэж нөхөр нь үлдсэн.

Гэтэл өглөө 09.00 цагийн үед “ургийн биеийн байдал доголдох эрсдэлтэй байна. Тиймээс хийсвэрээр төрүүлэх гэж байна” гэж дуудуулсан. Биднийг очтол 09.00-11.00 цаг хүртэл мэс засал хийсний эцэст “Хүүтэй боллоо” гэсэн баярт мэдээг дуулсан ч дүүгийн маань бие ямар байгаа нь тодорхойгүй, эмч нар хэлэхгүй байсан. Дараа нь эмч “Энэ хүн биеийн байдал нь маш хүнд байна. Сав руу нь идээ орох магадлалтай байсан учраас савыг нь авсан.  Та нар шаардлагатай байгаа эм, тариаг нь яаралтай авч ирэх хэрэгтэй байна. Хүүхэд нь бидний хяналтад байгаа” гэсэн. Бид нар эм, тариаг нь авч ирээд тасгийн эмчтэй нь уулзахад “Бие нь гайгүй байна. Хоёр удаа цус сэлбэж хийсэн” гэж хэлсэн.

-Хагалгааны дараа хэд хоног эмнэлэгт хэвтсэн юм бэ.

-Хоёр хоносон. Бид нар уулзах боломжгүй. Нөхрийг нь л хааяа орохыг зөвшөөрдөг байсан. Гэтэл 25-ны өдөр бие нь сайнгүй байсан тул тэндээсээ Нэгдүгээр эмнэлэгт хагалгаа хийлгэх шаардлагатай гэж яаралтай түргэнээр очсон. Энэ үед хэдийн шүдний идээ нь улам хүндэрч, хоёр уушги болон гол судастай ойрхон тархсан, хагалгаа хийсний дараа амьд үлдэх магадлал 5-15 хувь байна гэж хэлсэн. Гэвч хөөрхий дүү минь хагалгааны дараа арваннэгдүгээр сарын 28-ны өдөр өвчнөө даалгүй нас барсан.  

-Үнэхээр харамсалтай зүйл болжээ. Харьяаллын дагуу бол Нэгдүгээр төрөх эмнэлэгт үзүүлэх ёстой юм байна. Гэтэл яагаад бүртгэл мэдээллийн санд орж ирээгүй байсан юм бол. Та бүхэнд өөр тайлбар өгөв үү?

-Нэгдүгээр эмнэлэг жирэмсэн хүнийг төрөх эмнэлэгт хамруулсны дараа хагалгаа хийх ёстой байдаг юм байна лээ. Гэтэл Нэгдүгээр төрөх дээр очихоор “манай харьяалал биш байна. Цахим мэдээллийн санд чиний мэдээлэл ороогүй байна” гэж буцаасан.

-Жирэмсэн эхчүүд харьяаллын дагуу өрхийн эмнэлэгт хяналтад ордог шүү дээ. Дүү тань тухайн үед танай харьяаллын дагуу өрхийн эмнэлэгт хяналтад орж болж байсан уу?

-Тийм. Үүнийг л би их гайхаж байгаа юм. Жирэмсний амралтаа авах хүртлээ манай хаяг дээр харьяалалтай эмчийн хяналтад орж байсан дүү маань яагаад төрөхийн эмнэлэг дээр очиход гэнэтхэн л харьяалалгүй болчихдог юм бэ. 

Талийгаачийн гэр бүлээс Сүхбаатар дүүргийн цагдаад гаргасан өргөдөл

-ДҮҮГИЙН МААНЬ ГАРЫГ ХҮЛЖ, ЭМНЭЛГИЙН ОРОН ДЭЭР ХОЁР ХОНОГ “ТАРЧЛААСАН” БАЙГАА ЮМ-

-Анх эмнэлэгт үзүүлэх үед талийгаачийн биеийн байдал хэр байсан бэ. 

-Шүд нь бага зэрэг хавдсан ч өөрөө алхаж, зүгээр ярьж байсан. Бид нар жижигхэн мэс ажилбар хийлгээд л эмнэлгээс гараад ирнэ гэж бодож байсан. Гэтэл харьяалалгүй гэсэн шалтгаанаар хоёр тийш явсаар байгаад хугацаа алдсан. Амгалан амаржих газарт 11 дүгээр сарын 22-нд очиж хоёр хоног хэвтсэн. Энэ хооронд шүдтэй холбоотой эмчилгээ хийгээгүй, дүүгийн маань шүд улам хавдаж, ярих, идэх, юм уухад хүртэл хүндрэлтэй болчихсон байсан. Үүгээр ч зогсохгүй хийсвэрээр төрсний дараа хоёр хоног тус эмнэлэгт хэвтэхэд дүүг маань “амьсгалын аппаратаа салгах гээд байна” гэж орон дээр нь хоёр гарыг нь хүлчихсэн байсан.

Дүү маань ухаан орчихсон хэрнээ хоёр хоног эмнэлгийн орон дээр тарчилсан байгаа юм. Гуравдугаар амаржих /Амгалан амаржих газар/ тухайн үед дүүг маань хүлээж авахдаа хоёр, гурван цаг эмнэлгүүдэд шилжүүлэх гэж үзсэн юм байна лээ. Хамгийн гол нь тэд хүлээж авах нь авсан. Гэхдээ мэргэжлийн эмч байхгүй болохоор гаднаас эмч авчирч хагалгаа хийлгэсэн ч хагалгааны дараах эмчилгээг хийж чадалгүй хугацаа алдсан гэж бид харж байгаа. Яаралтай хүлээн авсан ч хоёр хоногийн турш гарыг нь хүлээтэй байлгана гэдэг хүний ёсонд байж боломгүй зүйл шүү дээ. Тэгж хүлэхийн оронд хажууд нь нөхрийг нь оруулж, “Эхнэр тань амьсгалын аппаратаа салгах гээд байна. Харж байгаарай” гэж хэлсэн бол учиртай. “Биеийн байдал нь гайгүй. Сайжирна” гэж хэлж байгаад гэнэтхэн л “энэ хүн болохоо байлаа” гэж Нэгдүгээр эмнэлэгт аваачиж дахин хагалгаанд оруулсан.

-Тухайн үед дүүгийн  тань шүд нь л өвдөж байсан уу. Өөр ямар нэгэн өвдөх, зовуур хэлж байв уу?

-Байгаагүй. Задлангийн шинжилгээнд дүүг маань элэгний В,С вирустэй гэсэн байсан. Бид нар зун тоолуулж, эмнэлэгт үзүүлтэл “төрснийхөө дараа л эм уугаад эмчлүүлэхэд болно доо. Ноцтой биш, бага хэмжээний вирус байна гэж хэлж байсан. Тэрнээс биш элдэв суурь өвчин огт байгаагүй. Хүүхэд нь хугацаанаасаа сарын өмнө төрсөн. Өмнөх төрөлтүүд нь бүгд хэвийн, дүү маань гурван хүүхдээ өөрөөрөө төрүүлж байсан.

-Хагалгаа хийлгэсний дараа дүүгийн тань бие ямар байсан бэ. Юм хэлж, ярьж чадаж байв уу?

-Дүүгийн маань ухаан санаа нь эрүүл байсан. Дүү маань гурван охинтой. Шинэ төрсөн хүүхэд нь хүү байсан учраас нөхрийгөө ороход аппараттай ярьж чадахгүй ч “Хүүгээ тэвэрч үзмээр байна” гэж биеэрээ дүрсэлж, хэлж байсан гэсэн.

-Эмч нарын зүгээс нас барсан шалтгааныг юу гэж тайлбарласан бэ.

-Тодорхой зүйл хэлээгүй. “Бид нар хамаагүй ярьж болохгүй. Талийгаачийг задланд оруулна” гэсэн. Нэгдүгээр эмнэлгийн Эмгэг судлал дээр задлан хийсний дараа “Олон эрхтний дутмагшмил болж эндсэн” гэсэн хариуг бидэнд хэлсэн. “Дүү маань цаг хугацаа алдаагүй байсан бол эндэхгүй байх боломж байсан уу” гэтэл “Тэрийг хэлж мэдэхгүй. Бид хариуг нь хамаагүй гаргаж болохгүй” гэсэн.

-Та бүхэн энэ асуудлыг шалгуулахаар цагдаад өргөдөл гаргасан гэж байсан. Өргөдөл өгөөд хэр хугацаа өнгөрч байна?

-Энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд хоёр жил өнгөрч байна. Өнгөрсөн жил цагдаагийн  байгууллагаас “Шинжээчийн дүгнэлтээр тодорхой мэдээлэл гарахгүй байна. Дахин шинжээч томилно” гэж хэлсэн.

Гэтэл шинжээч томилно гэж удаа дараа хэлсээр хоёр жил өнгөрч байна. Миний ойлгосноор задлан хийсэн болохоор эд, эсийн шинжилгээ авч, үлдсэн байгаа.

Тэр шинжилгээн дээр дахин шинжээч томилж, судалгаа хийх юм шиг байна лээ. Өнгөрсөн долоо хоногт хариуцсан цагдаа руу нь залгасан. Гэтэл "прокурор дээр удаашралтай хэрэг гэж очсон байна. Удахгүй хариу өгнө" гэсэн. Эх Нялхсын эмч нар “Би тухайн үед байгаагүй. Би тэр өдөр жижүүрт гарч байгаагүй” гээд бие бие рүүгээ “түлхээд” байдаг юм байна лээ.

-ЦАГ ХУГАЦААНД НЬ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ ЧАДСАН БОЛ ӨНӨӨДӨР ХАГАЛГААНЫ ШАРХТАЙ Ч ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ХАЖУУД АМЬД, СЭРҮҮН БАЙХ БАЙСАН-

-Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийн агуулгын талаар асууж болох уу.

-Бид хамгийн гол нь “дүүг маань эмнэлгүүд нааш, цааш явуулж хугацаа алдаагүй бол эрэмдэг, зэрэмдэг ч хамаагүй бидэндээ амьд үлдэх байсан уу” гэдгийг л мэдэхийг хүсэж байна. Эмнэлгүүдийн буруутай үйл ажиллагаанаас болж хугацаа алдсан. Хэрэв тэгээгүй бол дүү маань амьд үлдэх боломжтой байсан уу гэдгийг нь тодруулж өгөхийг хүссэн.

-Эрдэнэт хүний амь эрсэдчихээд байна. Та бүхэн энэ явдалд хэн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна?

-Төр засгийн байгууллагуудын уялдаа холбоогүй ажиллагаа, өвдөж зовсон нэгнийг очиход наашаа, цаашаа явуулсаар байгаад туйлдуулдаг, эцэст нь үүнээс болж дүү маань амь эрсдэлээ. Дүү маань эндсэний дараа бид задлангийн хариу гартал хүлээе, гэж тэвчээртэйгээр харж байсан. Тухайн үед Эх Нялхсын гадаа таксинд нэг эх амаржиж байсан шүү дээ. Үүний дараа эмч нар яаралтай хуралдсан юм байна лээ.

Талийгаачийг өнгөрсний дараа ч эмч нар яаралтай хуралдаж жирэмсэн эхчүүдийг харьяалал харгалзахгүй авах шийдвэр гаргасан.

Хэрэв энэ шийдвэрийг эрт гаргачихсан байсан бол дүү маань дөрвөн хүүхэд, хань ижилдээ түшиг тулгуур болж амьд, сэрүүн байх байсан. Гэтэл хүний амь эрсдэж байж л ухаарч ийм шийдвэр гаргаж байна.

-Нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд л эмч яаралтай үзүүл гэж хэлсэн байсан. Тухайн үед яаралтай үзүүл гэж бичиг хийж өгсөн үү?

-Өгсөн. Нэгдүгээр эмнэлгийн эрүү мэс заслын М.Болд гэдэг эмч “яаралтай цэвэрлүүлэх шаардлагатай” гэдэг дүгнэлт бичиж өгсөн. Төрөх гэж буй, жирэмсэн эмэгтэйчүүд ямар ч дархлаагүй болчихдог шүү дээ. Үүнийг эмч нар хамгийн сайн мэдэж баймаар. Хэрэв тэр эмчийн үгэнд орж эмнэлгүүд хүлээж авсан бол хугацаа алдаж цусанд нь тэгж их нөлөөлж, олон эрхтний дутмагшилд орохгүй, тэгтлээ хүндрэхгүй байсан шүү дээ.

-Талийгаач дөрөв дэх хүүхдээ төрүүлээд хорвоог орхисон. Одоо том хүүхэд нь хэдэн настай вэ.

-Хамгийн том нь энэ жил 12-р дугаар анги, дараагийнх нь 8-р анги, бага охин нь энэ жил зургаан нас хүрч, нэгдүгээр ангид орно. Харин хамгийн бага хүү нь хоёр настай. Аав нь цэргийн ангид жолооч хийдэг. Дүү нар маань Налайхад амьдарч байгаад сургууль, цэцэрлэгтээ ойр, бас төрөх эмнэлгүүд илүү найдвартай болов уу  гэж манай хашаанд нүүж ирж, харьяаллаа шилжүүлсэн байсан юм.

-Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе.Та тэдгээр эмнэлгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудад юу гэж хэлмээр байна?

-Манай шүүх, цагдаагийн байгууллагууд жирийн ард иргэдийн хэргийг үл тоомсорлож ханддаг. Жирийн иргэний хэрэг маш удаан шийдэгддэг. Хүний төлөө гэх зүйл ерөөсөө харагддаггүй. Зүгээр шүдээ үзүүлнэ гээд гэрээсээ гарсан ээжийг нь хэд хоногийн дараа өнгөрчихсөн гэдгийг хүүхдүүд нь хэлэхэд үнэхээр хүнд байсан. Цаг хугацаанд нь арга хэмжээ авч чадсан бол энэ тэндээ мэс заслын шархтай ч хүүхдүүдийнхээ хажууд элэг бүтэн байх байсан гэж бодож байна. Мөн төрийн байгууллагууд бүх шатандаа уялдаа, холбоогүй ажиллаж байна. Уялдаа холбоогүйгээс болж маш олон хүн хохирч байна. Тэдний нэг дөрвөн хүүхдийн ээж хөөрхий дүү маань амь насаараа хохирсонд үнэхээр гомдолтой байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.