Л.Оюун-Эрдэнэ: Өчигдөр ярьсан жишээнүүд нийгэмд буруу ойлголт төрүүлсэн бол уучлалт хүсье

Л.Оюун-Эрдэнэ: Өчигдөр ярьсан жишээнүүд нийгэмд буруу ойлголт төрүүлсэн бол уучлалт хүсье

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр/2021.03.05/ Жендэрийн Үндэсний хорооны хурлын нээлтэд хэлсэн үгэндээ “хөдөлмөрийн тэгш бус байдал гаарч, гэрлэлт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр аргагүй” гэж хэлсэн нь нийгэмд нэлээдгүй шүүмжлэл дагууллаа.

Тэгвэл тэрээр өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцсаны дараа сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ уг ярьсан зүйлдээ тайлбар өглөө.

Тэрбээр "Жендерийн үндэсний хорооны хурал бэлэг тэмдгийн байдалтай явж ирсэн уламжлалтай. Хэлсэн зүйл маань нийгэмд хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болсон байсныг Засгийн газрын хурлаас гарч ирээд мэдсэн. Өчигдөр Засгийн газрын хурлаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад далайцтай ажиллая гэх агуулга дор амжилттай болсон. Ерөнхий сайдынхаа хувиар 3-4 асуудал хөндсөн бөгөөд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр гэх агуулгаас илүү эмэгтэйчүүдийн эрхийг нь хамгаалах сонгодог утгаар нь тэмдэглэе гэж үзсэн.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг талаарх Норвегийн жишээг ярьсан. Гэвч тэрийг тасалж аваад нийгэмд буруу ойлголт төрүүлэх зүйл гарсан байсан. Хуульчилж шинэчилнэ гэсэн агуулгаар яриагүй. Мөн эрчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдийнхээс 10 насаар багассан мэдээллийг ярилцаад, үүнд соёлын томоохон өөрчлөлт хийх талаар ярьсан.

Өчигдөр яригдсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэн бол уучлалт хүсье. Эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай.

Манай хэвлэлийнхэн нэг хоёр өгүүлбэр буюу хэлбэр тал дээр бус бүрэн агуулгаар мэдээлэхэд анхаарч, иргэд маань бас агуулгад анхаарах нь зүйтэй болов уу" гэв.