Д.Сумъяабазар нөхөн сонгуульд МАН-аас Э.Батшугарыг биш Ж.Сандагсүрэнг дэвшүүлье гэжээ

Д.Сумъяабазар нөхөн сонгуульд МАН-аас Э.Батшугарыг биш Ж.Сандагсүрэнг дэвшүүлье гэжээ

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар энэ албан тушаалд томилогдохын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан. Ингэснээр Сонгино хайрхан дүүрэг /СХД/ буюу УИХ-ын 28 дугаар тойрогт парламентын гишүүний сонгох нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуультай хамт хийнэ гэж УИХ-аар шийдвэрлэсэн. 

Харин МАН, МАХН нэгдэх эсвэл хамтарч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох яриа тохиролцооны нэгд нь Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг дээрх нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэх асуудал хөндөгдөж байгаа. Иймд энэ тохироог Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар эсэргүүцэж “МАН-ын 100 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатарын хөшөөнд У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нар хамтарч цэцэг өргөхөд оролцоогүй” гэж буй юм. 

-СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРГИЙН НӨХӨН СОНГУУЛИЙН ХУГАЦАА МАН, МАХН НЭГДЭХ ЯРИА, ХЭЛЭЛЦЭЭРЭЭС ХАМААРНА-

Тэгвэл Сонгино хайрхан дүүргийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгахаар УИХ шийдсэн ч МАН-ын удирдлагууд “намын дотоод улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан” хойшлуулж магадгүй байгаа юм байна. Иймд тус нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сард зохион байгуулагдах талаар яригдаж байгаа аж.

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нөхөн сонгуулийг зургаа, аравдугаар саруудад зохион байгуулах зохицуулалттай юм байна. 

Иймд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, мөн МАН, МАХН-ууд нэгдэх хэлэлцээрээс үүдэн Э.Батшугар аль намаас Сонгино хайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвших эсэх нь тодорхой болох ажээ. Харин Улаанбаатар хотын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “Нийслэлийн засаг даргын хоёрдугаар орлогч буюу Хүний хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогч” Ж.Сандагсүрэнгээ Сонгино хайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх саналтай байгаа юм байна. 

-СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГ БОЛ ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР БОЛООД ТҮҮНИЙ БАГИЙН УЛС ТӨРИЙН ТОЙРОГ-

Нийслэлийн Сонгино хайрхан дүүрэг бол Д.Сумъяабазарын улс төрийн тойрог төдийгүй, улс дүүрэгт түүний улс төрийн багийнхан ажилладаг гэдэг. Мөн тэрээр Нийслэлийн засаг дарга болсон даруйдаа НЗДТГ-т халгаа сэлгээ хийж, Сонгино хайрхан дүүргийн МАН-ын хорооны хүмүүсээр засаг даргын байшинг дүүргэлээ гэсэн шүүмжлэлд өртөж байсан.  

Харин, хотын даргын хоёрдугаар орлогч Ж.Сандагсүрэн өмнө нь Сонгино хайрхан дүүргийн засаг даргын албан тушаал хашиж байсан бөгөөд Д.Сумъяабазар хотын дарга болсноос хойш хотын даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалыг хашиж эхэлсэн байдаг. Харин түүнийг тус албан тушаалаас нь өнгөрөгч хоёрдугаар сард чөлөөлсөн. Түүнийг ийнхүү чөлөөлөхөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар шахалт үзүүлсэн гэдэг. Гэсэн ч хотын дарга Д.Сумъяабазар түүнийг өөрийнхөө хоёрдугаар орлогчоор буцаан томилох санал гаргасан байдаг.