Т.Чимгээ: Хилсээр хоригдож эхэлснээс хойш амьдрал минь хар дарсан зүүд болж хувирсан

2021-03-08 13:03

Т.Чимгээ: Хилсээр хоригдож эхэлснээс хойш амьдрал минь хар дарсан зүүд болж хувирсан

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар яг одоо хорих 401-р ангийн эмнэлэгт ажиллаж ялтан Т.Чимгээтэй уулзаж байна. Т.Чимгээгийн хувьд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан тус ангид хоригдож байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэн Т.Чимгээтэй уулзсаны дараа мэдээлэл хийсэн бөгөөд үүний дараа хилсээр хоригдож байж болзошгүй Т.Чимгээ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр “Би 2015 онд хэлмэгдэж, хоригдсон. Тэр хугацаанд маш хүнд байдалд байсан. Ариун цэврийн хэрэглэл байхгүй, ариун цэврийн өрөө байхгүй, зоорь шиг өрөөнд 9 сар байсан. 2019 оны гуравдугаар сард Төв аймгийн 401-р ангид ирээд эмчилгээ хийлгэж, сэтгэл санаа арай дээрдсэн. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн, тарчлаан зовоосон, үр хүүхэд минь амиа алдсан.

Миний ар гэр, амьдрал ахуй бүгд сүйрсэн. Хэн хэний захиалгаар намайг хэлмэгдүүлээд байгааг би огт мэдэхгүй байна. Тэр хэрэг гарах үед би Дорноговь аймагт ээж дээрээ байсан. Үүнийг нотлох баримт ч байдаг” гэж мэдээллээ.

Түүний охин 2015 онд зам тээврийн ослоор нас барсан бөгөөд тухайн үед Т.Чимгээг байцааж байсан байцаагч “хүүхэд чинь нас барсан, нүгэл чинь нүдээр чинь гарч байна” гэж хэлээд ажил явдалд нь оролцуулаагүй талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлсэн юм. Мөн Т.Чимгээ охиных нь үхэлд хэн нэгэн буруутай байж болзошгүй гэж үзэж байгаа тул дахин шалгаж өгөхийг Хууль зүйн сайд Х.Нямбаатараас хүссэн байна. Түүний сэтгэл санаа хүнд байгаа тул сэтгүүлчдийг олон зүйл асуухгүй байхыг зөвлөсөн юм.

2021-03-08 12:48

Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээг удаа дараа мансууруулж, хурууны хээг нь ашигласан тохиолдол ч гарсан байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар яг одоо хорих 401-р ангийн эмнэлэгт ажиллаж ялтан Т.Чимгээтэй уулзаж байна. Т.Чимгээгийн хувьд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан тус ангид хоригдож байгаа юм.

Т.Чимгээг шалгах явцад эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдсон, баримт ч  бий учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийнхүү түүнтэй уулзлаа. Ингээд уулзалтын дараа мэдээлэл өглөө.

Тэрээр “Чимгээ 2015 онд хоригдож эхэлсэн, 2016 онд ял авсан байдаг. Үүнээс хойш түүнд болон түүний гэр бүлд маш олон дарамт шахалт ирж эхэлсэн. Жишээлбэл, Чимгээгийн гэрт хүний цогцос аваачиж хаян, ээжийг нь айлгасан. Мөн уух зүйлд нь мансууруулах бодис хийх процесс олон удаа давтагдсан байсан. Биеэ хянах чадваргүй байхад нь хурууны хээ авч ашигласан тохиолдол ч гарсан байна.

Мөн охин н.Өнөрцэцэг нь автомашины ослоор нас барсан. Сая Чимгээтэй уулзахад энэ асуудлыг олон нийтэд ил болгох шаардлагатай гэж хэлж байна. Тиймээс Засгийн газрын асуудлаар энэ хэргийг нууцаас ил болгох асуудлыг ярилцана. Цаашлаад хуулийн салбарт бугшаад буй хууль бус асуудлуудыг ил болгож, Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Энэ асуудлын төлөө цаашдаа манлайлал болж ажиллана” гэж мэдээллээ.