Л.Оюун-Эрдэнэ: Жирийн нэг хүмүүс цугласан архидалт байгаагүй, түүний цаана ноцтой үйлдлүүд байсан

Л.Оюун-Эрдэнэ: Жирийн нэг хүмүүс цугласан архидалт байгаагүй, түүний цаана ноцтой үйлдлүүд байсан

Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар хорих 401-р анги дээр ажиллалаа. Энэ үеэрээ тус хорих ангид хилсээр хоригдож буй Т.Чимгээ гэх эмэгтэйтэй уулзсан бөгөөд тус хэргийг цаашид анхаарч ажиллан, олон нийтэд ил болгох асуудлыг хэлэлцсэн юм. Цаашлаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль шүүхийн салбарт бугшаад буй хууль бус үйлдлүүдийг ил болгож, цаашид газар авхуулахгүй тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн бөгөөд хүмүүсийн анхааралд ороод байсан шүүгч нарын бичлэгийн асуудлыг энэ үеэрээ хөндлөө.

Тэрээр “Өмгөөлөгч Б.Баасанцогт гээд хүний асуудал сүүлийн үед ихээр хөндөгдөж байна. Тэр хүний хувьд шүүгч нартай архи уух, хувийн харилцаа үүсгэх зэрэг үйлдлүүдийг хийсэн байсан. Гэхдээ хамгийн харамсалтай нь өмгөөлөгч Б.Баасанцогт өөрийн комьпютер дээрээ зарим нэг хүмүүсийн хэргийг төлөвлөсөн схем хийсэн байсан нотлох баримт гарч ирсэн. Тэр дотор Т.Чимгээгийн хэрэгтэй холбоотой удаашруулах, мөн өөр хүмүүст холбогдох хэргүүдийг төлөвлөөд Х.Идэр, З.Болдбаатар гэх шүүгчид, нэр бүхий прокуроруудтай /тус хүмүүсийн нэрийг цаг нь болохоор хэлнэ/ уулздаг байна. Үүнээс харахад хүмүүсийг захиалгатайгаар ялладаг байж болзошгүй гэх асуудал үүсээд байгаа юм. Тиймээс энэ асуудлаар ҮАБЗ-тэй хуралдах саналыг ЗГ-ын зүгээс тавина. Мөн энэ Б.Баасанцогттой холбоотой хэргийг ёс зүйн асуудлаар шийдэх тухай хурлаар ярина. Хэрвээ тэр хүн үнэхээр ял төлөвлөдөг, шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцдог эсэх нь тогтоогдвол нэлээдгүй том асуудал үүснэ. Мөн энэ асуудал дээр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга н.Гансүх гүнзгий оролцсон байж болзошгүй байгаа. Энэ асуудлыг мөн хөндөнө.

Ил болсон шүүгчдийн бичлэг бол зүгээр нэг хүмүүсийн цугласан архидалт байгаагүй. Өмгөөлөгч хүн шүүгчид нөлөөлөх боломжгүй байдаг ч нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал үүсчихээд байна. Үүний цаана маш олон хэргүүдтэй холбоотой зүйлс гарч ирж байна. Тодруулбал, Ариг банкийг зарим нэг субьектээс булааж авах асуудлыг зохион байгуулсан нь нотлогдож байгаа. Шүүгч нар авилгал авсан байж болзошгүй байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна” гэж мэдээллээ.