Истанбулаас ирсэн иргэд Улаанбаатар зочид буудалд байхдаа халдвар авсан байх магадлалтай гэв

Истанбулаас ирсэн иргэд Улаанбаатар зочид буудалд байхдаа халдвар авсан байх магадлалтай гэв

Өнгөрсөн сарын 24-ны өдөр Истанбул-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирж Улаанбаатар зочид буудалд 10 хоног тусгаарлагдсан. Гэтэл эдгээр иргэдийн гурав нь тусгаарлах явцдаа халдвар авсан байх магадлалтай гэх мэдээлэл бидэнд ирлээ. 

Тодруулбал, халдвар илэрсэн гурван иргэн хоол зөөгч эмчээс халдвар авсан байх магадлалтай гэж тус зочид буудалд тусгаарлагдсан иргэд хардаж байгаа ажээ.

Бид энэ талаар эх сурвалжтай холбогдон тодруулахад "Бид ирэхээсээ өмнө шинжилгээ өгсөн. Ирснийхээ дараа ч шинжилгээ өгсөн. Гурван удаагийн шинжилгээний хариу сөрөг гарсан байхад яг гэрийн тусгаарлалт руу шилжих мөчид халдвар илэрсэн нь маш ноцтой.

Буудлын хоол зөөдөг хүнээс халдвар илэрсэн гэх мэдээллийг бид олж мэдсэн. Тэгэхээр энэ хүнээс халдвар авсан байх магадлалтай гэж хардаж байна.

Мэргэжлийнхэн шалгаж тогтооно биз. Буудлын хоол зөөгч эмч нар болон тусгай хүчнийхэн тусгаарлалтын байранд 10 хоног ажилласныхаа дараа гэрийн тусгаарлалт орж өөрсдийгөө ажиглах ёстой. Гэтэл тэгэхгүй шууд гадагшаа гарч хаа, сайгүй явдаг тухай яриа Улаанбаатар зочид буудал дотор яригдаж байсан. Хэрвээ тийм бол үнэхээр ноцтой" гэсэн юм. 

Дээрх иргэдийг энэ сарын 07-ны өдөр тусгаарлалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжих мөчид гурван хүнээс халдвар илэрсэн гэх мэдээллийг ХӨСҮТ-ээс өгч улмаар бусдыг нь ч зочид буудалд үргэлжлүүлэн долоо хоног тусгаарлана гэж мэдэгдсэн байна. Иймд тусгаарлагдаж байсан иргэд эсэргүүцэж Улсын онцгой комисст хандсаны дараа Шадар сайд С.Амарсайхан яаралтай шийдвэр гарган халдваргүй хүмүүсийг гэрт нь шилжүүлж халдвар авсан гурван иргэнийг ХӨСҮТ-рүү тусгаарлажээ. Дашрамд дурдахад, энэ сарын 06-ны өдрийн Эрүүл мэндийн яамны мэдээлэлд Истанбулаас ирсэн гурван иргэнээс халдвар илэрсэн гэж мэдэгдсэн билээ.