ТОЙМ: Ерөнхийлөгчийн айлчлал Монгол Улсыг эдийн засгийн саарал жагсаалтад орохоос сэргийлэх вакцин байх уу

ТОЙМ: Ерөнхийлөгчийн айлчлал Монгол Улсыг эдийн засгийн саарал жагсаалтад орохоос сэргийлэх вакцин байх уу

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Америкийн Нэгдсэн Улс дахь албан ёсны айлчлал энэ сарын 31-нээс эхэлсэн. Манай улс нь АНУ-тай "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж ажилладаг. АНУ-ын түншлэл, Гуравдагч хөршийн худалдааны хууль зэрэг томоохон чухал асуудал яригдаж, анхаарал татаж буй. Иймд энэ удаагийн айлчлал манай улсын нийгэм эдийн засгийн хувьд олон ахиц авч ирэх юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалыг тоймлон хүргэж байна.

-АНУ МОНГОЛЫН ХУВЬД СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛТЭЙ ТАВ ДАХЬ УЛС БОЛОВ-

Манай улс 192 улстай дипломат харилцаа тогтоосноос өнөөдрийг хүртэл дөрөвтэй нь стратегийн түншлэлтэй харилцаатай байсан. Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд АНУ-тай манай улс тав дахь орон болоод байгаа юм. Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй.

Нийт найман эрмэлзэл бүхий тунхаглалд, “Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь олон улсын эрх зүй, шударга өрсөлдөөний зарчмуудад нийцсэн эдийн засгийн хөгжлийн боломжийг бүрдүүлэхийн тулд үндэсний аюулгүй, тогтвортой байдлыг бий болгохын төлөө хамтран ажиллана” гэдгийг илэрхийлсэн. Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шударга, харилцан ашигтай байдлын үндсэн дээр өргөжүүлж шинээр бий болсон Хөгжлийн санхүүжилтийн корпорацийн шугамаар дэд бүтцийг дэмжих боломжуудыг эрэлхийлнэ гэдгийг тунхаглалаа.

Ингэснээр Монгол Улс худалдааны маргаантай, харилцаа нь хурцадмал байдалд хүрсэн ОХУ, БНХАУ, АНУ-тай стратегийн түншлэлийн харилцаатай болж байна. “Bloomberg”-ийн шинжээчид Дональд Трамп маргаан хурцадсан энэ үед гол өрсөлдөгч орнуудын дунд байрлах Монголоос дэмжлэг хүсэж байна дүгнэж байгаа юм.

Стратегийн түншлэлдээ тулгуурлан хоёр улсынхаа эдийн засгийн харилцааг сайжруулах прагматик шийдэл, арга замуудын талаар санал солилцсон явдал юм. Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй.

-ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ХУДАЛДААНЫ ХУУЛЬ БАТЛАГДАХЫГ ХҮЛЭЭХ ЧУХАЛ ХҮЛЭЭЛТ ҮҮСЭВ-

Айлчлалаар АНУ-ын Төрийн тэргүүнтэй “Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль”-ийн асуудлаар ярилцсан ба хуулийн төслийг дэмжиж өгөхийг хүссэн юм. Тус хуулийг хэлэлцэхэд бэлэн болчихоод байгаа. Энэ онд багтаж хэлэлцэх байх гэсэн хүлээлттэй байгааг албаныхан онцолж буй.

Монголын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй байгаа нь уул уурхай, үйлчилгээний салбарын өсөлт бөгөөд хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар бодит өсөлтгүй байгаа юм. Уг хуулийн төсөл батлагдвал Монголын ноос ноолуур, оёмол бүтээгдэхүүнийг АНУ-д таатай гаалийн бодлогоор нэвтрүүлэх боломж нээгдэнэ. Ингэснээр манай улсад 30-40 мянган ажлын байр нэмэгдэж эдийн засгийн болон нийгмийн ач холбогдол нь богино хугацаанд гарна гэсэн тооцоо, судалгаа бий.

Монгол Улс гадаад худалдаа тал дээр хоёрхон улстай худалдааны эерэг баланстай. Нэг нь Хятад нөгөө нь Их Британи. Эдийн засгийн аюулгүй байдал талаасаа бодоход түнш орнуудынхаа худалдааны харилцааг сайжруулах шаардлагатай байгаа. Ялангуяа гуравдагч хөршийн худалдааны харилцаа чухал үүрэгтэй. Дэлхийн номер нэг эдийн засагтай АНУ-тай худалдааны сөрөг балансаа сайжруулахад Ерөнхийлөгчийн айлчлалын зорилго оршиж буй. Одоогийн байдлаар АНУ руу манайхааас гаргах экспорт нь нэг сая ам.долларт л эргэлддэг байна.

-СААРАЛ ЖАГСААЛТАД ОРОХООС СЭРГИЙЛЭХ ВАКЦИН АНУ-Д ХИЙХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛ БАЙХ УУ-

Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх ажлаа хэр хийж байгаагаа манай улс энэ сард олон улсад үнэлүүлнэ. Тодруулбал, ирэх сард Австралийн нийслэлд болох ФАТФ-ийн Ази, Номхон далайн бүсийн байгууллагын хурлаар Монгол Улсын тайланг хэлэлцэхээр бэлтгэж байна. Хурлаас манай улсыг саарал жагсаалтад оруулах эсэхийг шийдвэрлэх аж.

Хэрэв Монгол улс "Саарал жагсаалт"-д орвол корроспондент банкны харилцаанд сөргөөр нөлөөлж, зээлжих зэрэглэл буурах, олон улсаас татах санхүүжилтийн зардал өсөх зэрэг эрсдэл үүсэх юм.  Хар жагсаалт гэдэг бол үндсэндээ гадаад орнуудаас холбоогоо таслахтай ижил утгатай. Ер нь саарал жагсаалтад орвол хамгийн түрүүлж банкны гүйлгээ, төлбөр тооцоо нь саатаж манайхтай хамтарч ажиллах хүнгүй болно.

Үүнээс сэргийлэх ганц вакцин гуравдагч хөршийн худалдааны асуудал чухал юм гэдгийг зарим мэргэжилтнүүд онцолж байна. Манай улс  газар зүйн байрлалын хувьд дэлхийн томоохон зах зээлд хүрэх гарц, улс төрийн өндөр итгэлцэлтэй гурав дахь хөршүүд мөн зарим банкны тооцоолсноор 32 триллион ам.долларын үнэлгээтэй байгалийн баялаг байгаа давуу талууд байна. Түүнээс ч илүү боломжийг шинжлэх ухаанд суурилсан өндөр технологи, хиймэл оюун ухаан, биг дата, конективити буюу харилцаа холбоо, цахим эдийн засгийн хүрээнд бий болгох шаардлага бий. Манай бүс нутгийн эдийн засаг Америктай харьцуулахад бүтээмж муу байгааг манай хамтарсан бизнесийнхэн шийдэж чадах ч улс төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.

Ерөнхийлөгчийн айчлал дэлхийн хамгийн том эдийн засагтай гадаад худалдааны балансаа эерэг гаргахад зорьсон. Цаашлаад энэ удаагийн айлчлалаараа статегийн түншлэл тогтоо, гуравдагч хөршийн худалдааны хуулийг батлуулах ажлууд нь эдийн засгийн саарал жагсаалтад орохоос багаахан ч сэргийлэх тун болох талтай юм.