Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд ВАКЦИНГҮЙ байна

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд ВАКЦИНГҮЙ байна

Хавдар болон бусад өвчний хүндрэлийн улмаас эрхтэн шилжүүлэн суулгуулсан 650-700 иргэн манай улсад бий. Эрхтэн шилжүүлэн суулгуулсантай холбоотойгоор эдгээр иргэд нь насан туршдаа дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг. Тиймээс ч коронавирусийн халдварын энэ үед халдвар авах эрсдэлтэй бүлэгт тус иргэд орж байгаа юм. 

Гэтэл тэднийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж болох эсэх боллоо гэхэд ямар вакцин хийх зэрэг нь одоог хүртэл тодорхойгүй байгаа аж. Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбооноос Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт уг асуудлаар удаа дараа хандахад ямар нэгэн хариу өгөлгүй гурван сар болсон байна. 

Тус холбооны тэргүүн М.Батболд энэ тухай "Бид вакцин тариулж болох эсэхээ мэдэхгүй байна. Хяналтын эмчээсээ асуухаар амьд вакцин тариулж болохгүй гэсэн. Харин АНУ-д бидэнтэй адил хүмүүс Файзерын вакциныг тариулаад сөрөг үр дагавар одоогоор гараагүй байна гэх мэдээлэл бий. Бид Австрали, Шинэ Зеландын эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбооны хамтарсан хуралдаанд оролцоход вакцин тариулж болно гэсэн зөвлөмжийг өгсөн. Мөн бусад байгууллагаас зөвлөгөө авахад вакцин тариулж болно гэсэн. Энэ мэт зөрүүтэй олон мэдээлэлтэй байна. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүст вакцин тариулж болох эсэх, болно гэвэл ямар вакцин тариулах тухай албан ёсны зөвлөмжийг судлаад хариу өгөхийг хүсч Эрүүл мэндийн яаманд удаа дараа хандсан ч хариу өгөхгүй байна. Бид дархлаа султай хүмүүс. Цаашид яахаа мэдэхгүй байна. Болно, болохгүй гэдэг хариуг Эрүүл мэндийн яамнаас даруйхан өгөх хэрэгтэй шүү дээ " гэлээ. 

Улсын онцгой комисс, Засгийн газраас шийдвэр гаргаж 

  • Эрүүл мэндийн салбарын нийт ажилчид 
  • Онцгой байдал, цагдаагийн алба хаагчид
  • 50-аас дээш насны хүн ам 
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 
  • Суурь өвчтэй хүмүүс 
  • Дайчлах боломжтой ажиллагсад 
  • Стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид 
  • Бүх шатны боловсролын байгууллагын ажилчид 
  • Бусад хүн гэсэн дарааллаар вакциныг тарихаар болсон. Харин тус жагсаалтад эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс багтаагүй байгаа юм. 

"ОНОМ" сангийн ТУЗ-ын дарга, доктор Д.Наранбаатар 200.000 эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэн файзер вакциныг хийлгэсэн бөгөөд хүндрэл гараагүй талаар олон улсын эрүүл мэндийн сэтгүүлд бичсэн тухай өмнө нь дурьдаж байжээ.