Халдвар аваад 21 хоног эмчилгээ хийлгэж байсан 67 настай иргэн нас баржээ

Халдвар аваад 21 хоног эмчилгээ хийлгэж байсан 67 настай иргэн нас баржээ

ЭМЯ-наас энэ сарын 7-нд 108 хүнээс шинээр короновирус илэрч, нэг хүн нас барсан хэмээн мэдээлсэн билээ. Ингэснээр манай улсад короновирусийн улмаас нас барсан хүний тоо тав болсон.

Өмнө нь нас барсан дөрвөн иргэний хоёр нь өндөр настан, үлдсэн нь архаг хууч өвчтэй байсан гэж ЭМЯ болон ХӨСҮТ-ийнхөн мэдээлсэн. Харин энэ удаа нас барсан иргэн мөн л бөөрний болон олон эрхтний дутагдалтай, сахарын хүндрэлтэй, өндөр настай байсан байна.

Энэ талаар бид ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулахад, тэрээр “Короновирусын халдвар тусч, 21 хоног эмчилгээ хийлгэж байсан иргэн архаг хууч өвчний улмаас нас барсан. Тухайн иргэн 67 настай, эрэгтэй. Архаг, хавсарсан эмгэгтэй өвчтөнүүд короновирусийн халдвар авбал хүндрэх эрсдэлтэй байна. Одоогоор короновирусийн халдвар авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй гурван иргэний биеийн байдал маш хүнд байна. Эдгээр  өвчтөнүүд мөн л архаг хууч өвчтэй” гэсэн юм.

“COVID-19” цар тахлын статистик мэдээллийн гол эх сурвалж болж буй Жон Хопкинсийн их сургууль Монгол Улсад коронавирусийн улмаас хүн нас барсан анхны тохиолдлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бүртгэсэн. Харин манай улсын холбогдох байгууллагууд нас барсан иргэдээ короновирусийн улмаас бус архаг хууч өвчнөөс болж эндсэн хэмээн мэдээлж буй. Зарим эрдэмтэн, судлаач архаг, хавсарсан эмгэгтэй хүмүүсийн эмчилгээг зөв хийхгүй байна хэмээн дүгнэж байгаа аж.

Ж.ТУУЛ