Рио Тинто шинэ гэрээ байгуулах удирдлагын багаа Улаанбаатар руу илгээнэ

Рио Тинто шинэ гэрээ байгуулах удирдлагын багаа Улаанбаатар руу илгээнэ

Рио Тинто компани Оюу толгойн далд уурхайн өргөтгөлийн асуудлаар Монголын засгийн газартай хэлэлцээ хийхээр болжээ. Тиймээс нийслэл Улаанбаатар руу санхүүжилтийн шинэ гэрээ хийх ахлах удирдлагын багийг илгээх гэж байна. Хэрэв хоёр талын гэрээ хэлэлцээ амжилттай болбол бүтээн байгуулалтын хугацаа хойшлохгүй, энэ оны сүүлээр уурхайн өргөтгөлийн ажлыг эхлүүлэх боломжтой болох юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэлэлцүүлгээр татварын ногдуулалт, эрх мэдлийн шинэ гэрээ, ашгийг хэрхэн хуваалцах зэрэг асуудлыг ярих гэж байгаа аж.Гэсэн ч уг асуудал Лондонгийн Арбитрын шүүхтэй холбоотой тул шийдвэрлэхэд нэлээн төвөгтэй байх болов уу хэмээн албаныхан хэлж байна.

Өнгөрсөн оны сүүлээр Монголын Засгийн газар Оюутолгойн уурхайн 34 хувийн эзэмшлээс 2032 онд л ногдол ашиг хүртэж эхлэх талаар тоон баримтуудыг дэлгэснээр олон нийтийн дунд хүчтэй маргаан, уур бухимдал үүссэн. Засгийн газрын зүгээс ч төслийн өртөг 1,5 тэрбум ам доллараас 6,8 тэрбум ам.долларт хүрч, ашиг хүртэхгүй байсаар уурхайн нөөц шавхагдах вий гэдгээс болгоомжилж байна. Рио уурхайн бүтээн байгуулалт, ашиглалтыг дангаар нь санхүүжүүлж, Монгол Улсад зээл олгож байсан бол одоо менежментийн хураамж, зээлийнхээ төлбөрийг гаргаж авах замаар бүх ашгийг авч буй. 2015 онд талууд зээлээ бүрэн төлж дууссаныхаа дараа ногдол ашиг авах гэрээ байгуулж байв. Харин одоо тэд уг гэрээг цуцалж, шинээр байгуулахад бэлэн байна.

Саяхан шинэ гүйцэтгэх захирлаа томилсон Рио төслийн менежментийн төлбөр, зээлийн хүүгийн хэмжээг бууруулах талаар "судалж", татварын талаар ярилцахад бэлэн байгаагаа Засгийн газарт мэдэгджээ. Гэхдээ шинжээчид хоёр тал ирэх зургадугаар сар гэхэд шинэ гэрээ байгуулж чадах эсэхэд эргэлзэж байна.

Рио мэдэгдэлдээ “Оюу Толгой төслийг амжилттай хэрэгжүүлэх боломжийг олгохын тулд TRQ болон Монгол Улсын засгийн газартай хамтран ажиллах үүрэг хүлээлээ. Засгийн газарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын хүчин чармайлтаа уялдуулж, зохицуулах. . . урагшлах нь нэн тэргүүний зорилт юм ” хэмээн бичжээ.

Эх сурвалж: Financialtimes