А.Гансүх: Тусгай үүрэг гүйцэтгэж, Улаан-Үүд хүртэл яваад буцаж ирсэн нь ҮНЭН /LIVE/

2021-03-09 14:57

А.Гансүх: Тусгай үүрэг гүйцэтгэж, Улаан-Үүд хүртэл яваад буцаж ирсэн нь ҮНЭН /LIVE/

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг “айлчлал” хийж, 20 сая ам.доллар ачиж ирсэн гэх мэдээлэл өнөөдөр Өдөр тутмын сонин дээр гарсан. 

Тэгвэл энэ талаар ҮАБЗ-ийн ажлын албаны дарга А.Гансүх мэдээлэл хийлээ. Тэрээр, “Энэ бол гүтгэлэг бөгөөд хуурамч мэдээлэл. Манай албаны хүмүүс тусгай үүрэг гүйцэтгэж, ОХУ-ын Улаан-Үүд хүртэл автомашинаар яваад буцаж ирсэн. Энэ автомашины ямар нэг хууль бус мөнгө байгаагүй. Ямар зорилгоор явсан гэдгийг хэлэх боломжгүй. Албаны болоод төрийн нууцад хамаарна. Нууцын зэрэгтэй тайлбарыг би олон нийтэд задалж чадахгүй” гэсэн юм. 

2021-03-09 10:05

ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг “айлчлал” хийж, 20 сая доллар ачиж ирсэн үү

ҮАБЗ-ийн ажилтан Ж.Бямбацогт, Г.Галбадрах, Б.Галданжамц нар 0536 УНҮ улсын дугаар бүхий “Landcruiser-200” автомашинаар 2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр ОХУ руу нэвтэрч, 2021 оны хоёрдугаар сарын 16-нд Г.Галбадрах, Б.Галданжамц нар дээрх машинтай Монгол Улс руу орж ирж, Ж.Бямбацогт нь ОХУ-д үлджээ.

ҮАБЗ-ИЙН ГУРВАН АЖИЛТАН ШИНИЙН 1-НД ХИЛ НЭВТРЭВ

ҮАБЗ-ийн гурван ажилтан Цагаан сарын шинийн 1-нд буюу 2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор ОХУ руу гарчээ. Тодруулбал, ҮАБЗ-ийн шинжээч Жавзангийн Бямбацогт, ҮАБЗ-ийн ахлах референт Ганбатын Галбадрах, ҮАБЗ-ийн референт Батнасангийн Галданжамц нар 0536 УНҮ улсын дугаар бүхий “Landcruiser-200” автомашинаар хил нэвтэрсэн байна. Ж.Бямбацогт, Г.Галбадрах нар 2018, Б.Галданжамц нь 2020 оноос ҮАБЗ-д ажиллаж буй ажээ. Тэд хил нэвтрэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангаж, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийхээр явж байна гэж мэдүүлсэн аж.

ОХУ-Д ХЭН ХЭНТЭЙ УУЛЗАВ

Ж.Бямбацогт, Г.Галбадрах, Б.Галданжамц нар хилээр гарсан даруйдаа ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, БХЯ-ны албан тушаалтнуудтай уулзжээ. Бас ОХУ-ын газрын тосны хамгийн том компани болох “Роснефть”, Монгол, Оросын хамтарсан УБТЗ ХНН-ийн төлөөлөлтэй уулзсан байна. Ингээд 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр референт Г.Галбадрах, Б.Галданжамц нар унаж гарсан 0536 УНҮ улсын дугаар бүхий автомашинтайгаа буцаад Монгол Улсын хилээр орж иржээ.

ХИЛЭЭР ГАРЧ, ОРОХДОО АШИГЛАСАН УОК-ЫН ЗӨВШӨӨРӨЛ ХУУРАМЧ БАЙВ УУ

Тэд УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр олгосон, Монгол Улсаас ОХУ руу нэвтрүүлэх тухай 797 дугаартай бичгийг албаныханд үзүүлж хилээр гарсан байна. Улмаар 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Г.Галбадрах, Б.Галданжамц нар Монгол Улс руу нэвтрэхдээ УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 781 дугаартай бичгийг үзүүлжээ. Харин ҮАБЗ-ийн эдгээр ажилтны хилээр нэвтрэхдээ ашигласан УОК-ын зөвшөөрлийн хоёр бичиг нь хуурамч байх магадлалтай. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр олгосон, Монгол Улсаас ОХУ руу нэвтрүүлэх тухай 797 дугаартай бичгийг тэдэнд бус, транзит тээврийн 0600 СЭА улсын дугаартай автомашинд олгосон зөвшөөрөл байжээ. Мөн хилээр орж ирэхдээ 2021 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 781 дугаартай бичгийг харуулсан. Гэтэл тэд өмнөх өдөр нь ОХУ руу хил нэвтэрсэн. Тэгэхээр юу болох нь тодорхой юм.

ШИНЖЭЭЧ Ж.БЯМБАЦОГТ ОХУ-Д ҮЛДЖЭЭ

Харин Ж.Бямбацогт нь Москва хот руу явсан байна. Тэрбээр өнөөдрийг хүртэл Монголд ирээгүй байгаа юм. Түүний тухайд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар PR, цахим сүлжээнд ажиллах талаар ОХУ-ын нэр бүхий байгууллага, хүмүүстэй хамтран ажиллах ажлыг хариуцаж, түүнийгээ амжуулахаар үлдсэн гэх мэдээлэл бий.

ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУД 20 САЯ ДОЛЛАР БЭЛНЭЭР АЧИЖ ИРСЭН ҮҮ

Маш ноцтой нэг мэдээлэл байна. Г.Галбадрах, Б.Галданжамц нарын хилээр нэвтрэхдээ унаж явсан 0536 УНҮ улсын дугаар бүхий “Landcruiser-200” автомашинд 20 сая ам.доллар бэлнээр хийж оруулж ирсэн гэх мэдээлэл их хүчтэй яригдаад эхэллээ. Хэрвээ үнэн бол энэ их хэмжээний мөнгө хил дээр үүрэг гүйцэтгэж буй хууль хяналтынхны хаагуур ороод ирсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл хил дээр үүрэг гүйцэтгэж байсан албаныхан тухайн мөнгийг шалгаж саатуулах эрхгүй аж. Учир нь тэд автомашиныхаа хаалгануудыг “ҮАБЗ” гэсэн лацаар лацадсан байжээ. Энэ мэдээллээр бол манай ҮАБЗ-ийн гишүүд Монгол Улсад бүртгэлгүйгээр 20 сая ам.доллар бэлнээр оруулж ирсэн болж таарч байна.

“АЧАА”-ТАЙ ХИЙГЭЭД ХУУРАМЧ ДУГААРТАЙ “АВТОМАШИН”-УУДЫН СЭЖИГТЭЙ УУЛЗАЛТ

Энэ мэдээллийг авсан хууль, хяналтын байгууллагынхан тэр мөнгөний хойноос “сураг” тавиад эхэлсэн бололтой. Юутай ч хилээс наашилж, Сэлэнгэ, Төв аймгийн сумдын пост дээр шалгуулах үед 0536 УНҮ улсын дугаар бүхий “Landcruiser-200” автомашины ард гурван ширхэг хайрцагтай эд зүйл байсныг албаныхан нотолж буй ажээ. 0536 УНҮ улсын дугаар бүхий “Landcruiser-200” автомашинаар зорчиж явсан ҮАБЗ-ийн ажилтнууд тусгаарлагдах хүртлээ жижиг гэлтгүй сэжигтэй үйлдлүүд гаргасан байна. Тухайлбал, Монгол Улс руу нэвтэрсэн 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 18.30 цагийн үед Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдамын постод камергүй учир бичгээр бүртгэл хийлгэхдээ “Жүр үр” ХХК-д ажилладаг Г.Бат-Оршихын нэрийг бүртгүүлсэн. 0536 УНҮ улсын дугаар бүхий “Landcruiser-200” автомашинтай нөхдүүд хилээр нэвтэрсэн өдрөө буюу 2021 оны хоёрдугаар сарын 16-нд Хан-Уул дүүрэг дэх спорт цогцолборын орчимд 0390 УНҮ улсын дугаартай “Landcruiser-200” автомашинтай хүмүүстэй уулзжээ. Гэтэл уг 0390 УНҮ улсын дугаар нь мөнгөлөг өнгийн “Lexus-470” автомашинд 2020 онд олгогдсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуурамч дугаартай автомашин гэсэн үг.

ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУДЫН АВТОМАШИНЫГ ҮЛ ТАНИХ ХҮМҮҮС АВЧ ЯВЖЭЭ

2021 оны хоёрдугаар сарын 16-ны орой 22.00 цагийн үед Г.Галбадрах, Б.Галданжамц нар хуулийн дагуу ОБЕГ-ын “Жаргалант” сувилалд тусгаарлагдсан байна. Унаж явсан 0536 УНҮ улсын дугаар бүхий автомашиныг нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ариутгалын багийнхан ирж ариутгажээ. Түүний дараа Г.Галбадрах, Б.Галданжамц нар автомашинаа тус сувиллын автозогсоолд байрлуулжээ. Г.Галбадрах, Б.Галданжамц нар 2021 оны хоёрдугаар сарын 26-ныг хүртэл 10 хоног тусгаарлагдсан аж.

Гэтэл 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 11.30 цагийн үед “Жаргалант” сувиллын авто зогсоолд 0125 УНҮ улсын дугаартай “Hyundai azera” маркийн автомашинтай хоёр хүн очиж, нэг нь ҮАБЗ-ийн ажилтнуудын ОХУ руу унаж яваад ирсэн, дотроо их хэмжээний ам.доллартой байсан гэх 0536 УНҮ улсын дугаар бүхий “Landcruiser-200” автомашиныг аваад явжээ. Тэндээс хөдөлж явсаар цаг орчмын дараа ГХЯ-ны авто бааз руу орсон байгаа юм. Энэ бол факт. Сэтгүүлчдэд олдсон, нийгэмд тарж эхэлж буй мэдээлэл. Тиймээс ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх танаас танай ажилтнуудын ОХУ дахь “айлчлал”, авчирсан “бараа”-ны талаарх тайлбар шаардагдаж байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: Өдрийн сонин